О.Гэрэлсүх : “Бүхэл бүтэн УДЭТ чинь айлын орц, гарц болж хувирчихаад байна*

tsenzuurmn 2024-03-21

УДЭТ-ын уран бүтээлчдийн төлөөлөл тус театрын гаднах зогсоол, орц гарцтай холбоотойгоор үүссэн асуудлын талаар өнөөдөр мэдээлэв. Тус асуудлыг тусгасан шаардах бичгийг  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хүргүүлжээ.

Энэ үеэр УДЭТ-ын жүжигчин, МУСТА О.Гэрэлсүх “Гурван байгууллагын 500 хүн ажилладаг газар бөгөөд нэмээд 500 үзэгч үйлчлүүлдэг. Өөрөөр хэлбэл мянган хүний ажиллаж, амьдардаг хөл хөдөлгөөн ихтэй газар бол УДЭТ юм. Энэ мянга гаруй хүн холхидог газраас хумсалсаар байгаад орц гарцгүй боллоо. Ирсэн үзэгчид машинаа байрлуулах газаргүй болсон. Академик драмын театр маань айлын орц болсон байна” хэмээлээ

МУГЖ Г.Амгаланбаатар Энэ театрын хашаанд гурван том байгууллагын нийт 500 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Гэтэл сүүлийн үед энэ хэсгийн орц, гарцны асуудлаас болж театрт ирж тоглолт үздэг үзэгчид байхгүй болсон. Манай театрын хойд талд баригдсан “Соёмбот өргөө” гэх өндөр барилга руу орж гарч байгаа бүх хүмүүс манай арын хаалгаар дамжин өнгөрч байгаа нь маш хүндрэлтэй асуудлуудыг үүсгэж байна. Тиймээс бид үндсэн дөрвөн асуудал хөндсөн албан бичгийг хотын дарга  Х.Нямбаатарт хүргүүлэх гэж байна. Театр бол үзэгчдийн оюуны хөтөч байх эрхэм зорилготой цор ганц байгууллага.  Гэтэл үзэгчдээс зогсоол байхгүй гэсэн гомдол санал их ирэх боллоо. Цаашлаад зогсоолын асуудлаас болж үзэгчид ирэхгүй, үзэгчдийн тоо буурсан. Уран бүтээлчдийн машин ч багтахаа больсон. Тиймээс энэ асуудлыг шийдүүлмээр байна” гэв.