“Бүсчилсэн хөгжил (хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк) хэлэлцүүлэг” болов

tsenzuurmn 2024-02-2

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй  холбогдуулан хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээ, үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн байршил, хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Бүсчилсэн хөгжил (Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк)-ийн хэлэлцүүлэг”-ийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газар зүйн салбарын дарга, доктор, дэд профессор М.Алтанбагана “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хөгжлийн орон зайн төлөвлөлт, суурь концепци & Хүнд аж үйлдвэр хөгжүүлэх тохиромжтой байршлын үнэлгээ” сэдвээр, Аж үйлдвэрийн паркийн технологи дамжуулах төвийн тэргүүн Б.Артагбат “Аж үйлдвэрийн бүсчилсэн хөгжлийн стратеги” сэдвээр тус тус илтгэл мэдээллийг танилцуулав.
Мөн Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулж хөгжүүлэх талаар тусгагдсан байдал, хэрэгжилт, хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын төлөвлөлт, паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, паркт үзүүлэх төрийн дэмжлэгийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлэв.