Р.Сэддорж: Уул уурхайтай хосолж чадах хөдөө аж ахуйг хөгжүүлэх шаардлага байна

tsenzuurmn 2024-01-5

Энэ оны батлагдсан төсвөөр аймагт, орон нутагтаа юу хийхээр шийдвэрлэсэн талаар болон цаг үеийн асуудлаар Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа.

-Ярилцлагаа өвөлжилтийн нөхцөл байдлаас эхэлье. Өнөө жилийн тухайд танай аймагт хэчнээн малчин өвөлжиж байна, отор нүүдлээр хэд нь явав?

-Манай аймгийн тухайд 6000 гаруй малчин өрхтэй. Нийт 2.6 толгой мал өвөлжиж байгаа. Гурвантэс, Ноён, Сэврэй сумдад сүүлийн гурван жил хур бороо ороогүй учраас ихэнх малчид нь отроор явж, 11 айл л сумандаа үлдсэн мэдээлэл авсан. Малчид маань хөрш зэргэлдээ Баянхонгор, Дундговь, Дорноговь аймгуудад оторлож байна. Өвс тэжээлийн бэлтгэлээ 90-100 хувьтай хангалаа. 1.7 тэрбум төгрөгөөр өвс, тэжээлийн нөөцөө бүрэн хангаж, малчдад хямдралтай худалдаж, борлуулахаар бэлтгэлээ. Нэг сайн бороо орчихвол говьд уг нь гурван жилээ даачихдаг онцлогтой ч сүүлийн гурван жилд гундуухан л байлаа.

-Өмнөговь гэхээр хүмүүс уул уурхайг онцолдог. Гэтэл энд хөдөө аж ахуйг хөгжүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага бий. Цаашдаа бэлчээрийн мал аж ахуйг арай өөр түвшинд хөгжүүлэх менежментийн төлөвлөгөө танд бий юу?

-Уул уурхайтай сумдад нөхцөл байдал хэцүү байгаа нь үнэн. Сумдынх нь газар нутаг төмөр замаар дөрөв хуваагдчихсан. Автозамаараа бас хуваагдчихсан. Ан амьтан битгий хэл хүн ч давж гарахгүй өндөр далан барьчихсан гэх мэтээр бэрхшээл бий. Зэрлэг ан амьтад ч хоёр хуваагдчихлаа гэхэд дэгсдүүлсэн болохгүй байх шүү. Ард иргэдийн амьдралын нөхцөл байдал эрс өөрчлөгдөж тоосжилт, усны хомсдол, мал услах усгүй, гүний усны түвшин доошилсоор байгаа гэх мэтээр бэрхшээл болгоныг тоочоод байвал барагдахгүй. Бид жил бүхэн 100 гаруй худаг шинээр гаргаж, малчдадаа бэлэг барьдаг. Мөн ногоо тариа тарьдаг, мод усалдаг хүмүүстээ ч худаг гаргаж өгч байгаа. Гэхдээ мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар усны түвшин улам бүр л доошилсоор байгаа учраас хэдэн хувь нь уур амьсгалын өөрчлөлтөөр, хэд нь уул уурхайгаас хамааралтай багассаныг тогтоож, яаралтай тооцоо судалгааг нэгтгэх бодол байна.

Ялангуяа, Цогтцэций сум маш их тоосжилттой болсон. Малын гэдэс дотор ч өөрчлөлттэй болсон учраас шууд хаядаг боллоо. Цаашдаа бид уул уурхайгүй сумдаа лицензгүйгээр буюу аялал жуулчлал, мал аж ахуйг хөгжүүлэх замаар авч явах зорилго тавилаа.

Тухайлбал, Сэврэй сум гэхэд бүх газар нутгаа тусгай хамгаалалтад аваад аялал жуулчлалыг хөгжүүлээд явж байна. Ер нь уул уурхайтай хосолж чадах хөдөө аж ахуйг хөгжүүлэх шаардлага байгаа учраас энэ чиглэлд төсөв мөнгө суулгаад явна.

-Өмнөговь аймаг түүхэндээ хамгийн өндөр буюу 1.4 их наядын төсөв баталжээ. Нэг талаас сайн мэдээ хэдий ч нөгөө талаас энэхүү мөнгөний хэд нь орон нутагтаа үлдэх вэ гэдэг нь сонин. Ямар бүтээн байгуулалтад зарцуулагдах бол гэдгийг ч олон нийт сонирхож байна шүү дээ?

-Манай аймгийн төсвийн 60 орчим хувь нь улсад төвлөрүүлэх орлого байдаг. Энэ онд буюу 2024 онд 720 тэрбумыг улсад төвлөрүүллээ. Хуучин хуулиар Улаанбаатар хотын дүүргүүдэд буюу тухайн аж ахуйн нэгжийн бүртгэлтэй газарт Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр байгаа компаниудын татвар төлөгддөг байсан. Харин шинэ хуулиар аль аймагт орлого олж, үйл ажиллагаа явуулж байгаагаас шалтгаалж, тухайн аймагтаа ААНОАТ-ын 40 хувь үлддэг боллоо. Аль суманд байгаагаас шалтгаалж ХХОАТ нь төлөгддөг болсон.

Тэрхүү мөнгөнөөс улс авах ёстой мөнгөө аваад, үлдсэнээр нь аймаг, орон нутгаа хөгжүүлэх боломж бүрдсэн хэрэг. Аймгийн төсөв эндээс шалтгаалаад л өндөр харагдаад байгаа юм. Манай аймгийн нутагт Монгол Улсын хоёр том боомт бий. Нийт экспортын 76 хувь нь дээрх хоёр боомтоор явж байгаа шүү дээ. Боомт нь босоо тогтолцоотой учраас Зам тээврийн яам, Гааль, Тагнуул нь хянаад явдаг. Ирэх онд бид хөгжлийн томоохон замуудыг бүрэн дуусгахаар төсөвт суулгалаа. Шивээхүрэнгийн боомт руу аймаг өөрийн хөрөнгөөр зам тавьж байна. “Mars V” төсөл хэрэгжих, үлэг гүрвэлийн үүх түүхийг өгүүлэх их сонин өвөрмөц тогтоцтой газар руу аялал жуулчлалын жим энэхүү замыг дагаад нээгдэх нь ээ.

Түүнчлэн, Өвөрхангай-Өмнөговийг холбох зам Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суучихлаа. Булган, Мандал-Овоо, Баянзаг руу очих замыг дуусгана. Ханхонгор, Хүрмэн, нэмээд Цогтцэций сумын төвөөс Гашуунсухайтын зам хүртэл, Дэлхийн энергийн төв Дэмчогийн хийд рүүгээ засмалаар очдог болох нь ээ. Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын өргөтгөлд “Усан халаалтын IV зуух”-ыг шинээр барих төсвийг суулгасан гэх мэтээр том бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Ингэснээр 5-8 жилийн хугацаанд төвлөрсөн шугамд холбогдох боломжтой айл өрх болон шинээр баригдаж байгаа орон сууцуудыг дулаанаар хангахаас гадна хэрэглээний халуун ус түгээх боломж бүрдлээ. Мөн дулаан дамжуулах 2, 3, 4-р төвүүдийг шинэчлэх, Ажилчдын ахуйн байр, Дулааны цахилгаан станцын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд дулаанжуулалтын тоноглолоор хангах гэх мэтээр томоохон ажлууд төлөвлөөд явж байна.

-“Тэр их мөнгөөр яагаад бага юм хийгээд байна вэ” гэх мэтээр шүүмжлэл өнгөрсөн хугацаанд тасраагүй байх. Эрдэнэт шиг хот байгуулж болохгүй байна уу ч гэдэг юм уу. Ер нь таны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай явж байна вэ?

-“Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөр 90 гаруй хувьтай хэрэгжээд явж байна. Нэг том бүтээн байгуулалтыг хийж дуусахад цаг хугацаа маш их ордог.  Аймгийн хүн амын тоо ихэсч байна, албан ёсны бүртгэлгүй 100 гаруй мянган иргэн ч ирж очин явж байгаа. Есөн дүүрэг, 20 аймгийн иргэдээс гадна үндсэн суурьшилтай 75 мянган хүнийг сайхан амьдруулахын төлөө бид хоёргүй сэтгэлээр ажиллаад явж байгааг өмнөговьчууд өөрсдөө хэлэх байх аа.

Оюутолгой компаний Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу Ханбогд суманд ойрын таван жилдээ 50 сая ам.долларын бүтээн байгуулалт хийгдэнэ. Тэр ажил дуусахад маш гоё хот бий болно. Бусад сумдуудаа ч хөгжүүлээд явж байна. Өөр бусад уурхайнуудыг ч нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, бүтээн байгуулалт хийхийг шахаж шаарддаг. Одоогоор 14 орчим компани үйл ажиллагаа явуулж байна.

Ер нь нийгмийн хариуцлагаа ухамсарладаггүй бол үйл ажиллагаа явуулах эсэхийг нь ч хатуу ярих цаг нь болсон. Манайд үйл ажиллагаа явуулж буй компаниуд дотор Өмнөговийн харьяат иргэний удирддаг компани нэг ч байхгүй. Ингэхээр хүнийрхүү сэтгэлээр хандах гээд байдаг асуудал бий, бий.

Орон нутгийн өмчийн оролцоотой “жижиг” Тавантолгойг л нутгийн иргэн удирдаж, тэр хэрээр иргэдэдээ ногдол ашгаа хүртээж ирсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний орон нутагтаа очиж ажиллаач, хөдөөд хөгжил байна шүү гэсэн уриалгыг маш их дэмжиж, аймаг, орон нутагтаа залуус ирж ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө зүтгээд явж байгаа.

-Албан ёсны бүртгэлгүй 100 мянган иргэн байна гэлээ шүү дээ. Тэдний эрүүл мэнд, нийгмийн асуудалд хэрхэн анхаарч байна?

-Тангараг өргөсөн эмч, эмнэлгийн ажилчид л хоёргүй сэтгэлээр зүтгэж байна даа. Төрийн албан хаагч, эмч, багш нарын ачаалал дэндүү өндөр байгаа. Үндсэн оршин суугч болох 75 мянган иргэнээс гадна дахиад 100 мянган хүнд хүрч ажиллана гэхээр ачаалал өндөр, стресс бухимдалтай байгаа нь үнэн. Тиймээс “Нутгийн дэм” хөтөлбөрөө ирэх онд хэрэгжүүлж 6000 гаруй төрийн албан хаагчдад 400-600 мянган төгрөгийн нэмэгдэл өгөхөөр төсөвт тусгалаа. Мөн цалинг нь нэмнэ.

-Өмнийн говийг шинэ менежментээр хөгжүүлэх эгзэгтэй цаг үед та Засаг даргаар ажиллаж байна. Ер нь ямархуу хөгжлийн төлөвлөгөө зурав. Өмнө гаргасан алдаагаа давтахгүйн тулд юуг анхаарч явна вэ?

-Хот төлөвлөлтийн төлөвлөгөө байнга шинэчлэгддэг. Бид 300 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн. 2050 он гэхэд Улаанбаатар хотын дараа орох хүн амын төвлөрөл бий болох учраас тэр эрэлт, хэрэгцээг хангах хэмжээний хот байгуулах төлөвлөгөө гаргаад явж байгаа юм. Даланзадгад бол хүн амьдрахад маш таатай уур амьсгалтай. Тун удахгүй Олон улсын нисэх онгоцны буудал баригдах нь. Концесс нь ч зарлагдчихлаа. Удахгүй нийслэл хотынхоо нисэх буудлын ачааллыг бид хуваалцах нь гэсэн сайн мэдээтэй сууж байна. Цаашдаа эдийн засгаа хэрхэн солонгоруулах вэ гэдгийг тооцож үзээд гурван зорилт дэвшүүлээд явж байна, бид. Нэгдүгээрт, Уул уурхайн компаниудад бүтээгдэхүүн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдийг салбараа манай аймагт нээгээч гэсэн санал тавьж байгаа.

“Та бүхэн үйлдвэрээ нээе гэвэл газар үнэгүй өгье, дэд бүтэц, тог, цахилгааныг чинь шийдээл өгье” гэж байгаа юм. Энэ саналыг хүлээж аваад цөөнгүй газрууд салбараа нээхээр уулзаад явсан. Хоёрдугаарт, Монголд ирж буй нийт жуулчдын 70 гаруй хувь нь манай аймагт ирдэг юм билээ. Солонгос жуулчид маш их ирсэн. “Вивант” кино говьд хийгдсэнээр ирэх жил япончууд ихээр ирэх тооцоо гарлаа. Тиймээс аялал жуулчлалд сумдуудаа бэлтгэх ажил ч чамгүй хурдацтай явлаа. Гуравдугаарт, хөдөө аж ахуйг тэр дундаа тэмээний ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байна. Чихрийн шижин ихэссэн энэ цагт дэлхий дахинд ингэний хоормог шиг эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн байхгүй боллоо шүү дээ. Бид үүнийг соргогоор мэдэрч бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах ажлыг эхлүүлмээр байгаа юм.

-Өмнөговьчууд “жижиг” Тавантолгойд эзэн суусан гэх мэт мэдээлэл явдаг. Үнэхээр нэг хэсэг нь ашиг хүртээд байна уу, нийтээрээ эндээс ашиг хүртээд байна уу. Уул уурхайгаас хүртэх ашиг хэр хүртээмжтэй байгаа бол?

-Монгол Улсын хуулийн дагуу компанийн өмч юм. Тавантолгойн бүлэг ордын 0.4 хувь, түүн дотроо 51 хувь нь өмнөговьчуудын өмч гэж үздэг. Энэхүү ард түмний өмчийг төлөөлдөг хүмүүс нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид. 49 хувийг нь харин дотоодын хувьцаа эзэмшигч нар хувааж эзэмшдэг. Товчхондоо, тухайн аж ахуйн нэгжийн ногдол ашгийн 51 хувь нь аймгийн төсөвт орж ирдэг гэсэн үг. Хамгийн үр ашигтай, аймгийн хөгжил дэвшилд хэрэгтэй аж ахуйн нэгж гэж нэрлэж болно. 2022 онд маш өндөр ашигтай буюу аймгийн төсөвт 140 тэрбумыг төвлөрүүлсэн.  Зам, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, гэрэлтүүлгийг ногдол ашгаас орж ирсэн мөнгөөр хийгээд явдаг юм. Компаниуд харилцан адилгүй хөрөнгө оруулалт хийдэг л дээ. Тухайлбал, Оюутолгой гэхэд жилд таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа.

-Нүүрсний компаниудад төрөөс БЭТ томилсноор ашигтай ажиллаж байна, нүүрсээ цахимаар арилжаалдаг болсноор тэдэн төгрөг оллоо гэх мэдээ тасралтгүй гарах болжээ. Ер нь мэргэжлийн хүний хувьд үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Биржийн арилжаа их зөв зүйл болсон. Тээврийг нь хийж байгаа 300 гаруй компаний ажилчдын ар гэр ажилтай, орлоготой явж байна. Маш олон монголчууд эндээс амьдралаа, ар гэрээ хоолтой хонуулдаг. Төмөр зам ашиглалтад орсноор мөн л олон монголчууд тэндээс амьдралаа авч явна. Тавантолгойн бүлэг орд тэр чигээрээ коксжих нүүрс биш шүү дээ. Маш бага хувийг эзэлдэг. Ихэнх нь эрчим хүчний нүүрс байгаа. Үүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрүүдээ яаралтай байгуулаасай. Энэ их нүүрсээ нийтээр нь өндөр үнэтэй коксжих гэж бодож болохгүйг хэлээд байгаа юм. Хятадтай худалдаа хийнэ гэдэг бол дэлхийд том тоглогч гэж өөрсдийгөө тоох ёстой. Энэ давуу талаа ашиглаад алдаагаа засаад урагшлах нь хамгийн зөв зам.

-Цагаан дэлийн боомтыг нээе гэхээр иргэдийн эсэргүүцэл их байгаа юм билээ. Уул уурхайгаас шалтгаалаад танай аймгийнхан нуруугаа авахуулсан морь шиг л болжээ. Уг нь боомт нээх чинь улс оронд ашигтай байхад харилцаа хандлага энэ хэвээр байх хэрэг үү?

-Таны хэлдэг үнэн л дээ. Нуруугаа үнэндээ л авахуулчихлаа шүү дээ. Хоёр том боомт дээр  өмнөговьчуудын эрх ашиг, тэдэнд зориулсан газар гэж байхгүй. Дэлгүүр хоршоо ч байхгүй гэхэд дэгсдэхгүй. Уг нь орон нутгийн иргэд давуу эрхтэй байвал урамтай байна биз дээ. Хилийн тухай хуулиараа газар олгохгүй, байшин барихгүй, ноос сүү, махаа зарж болохгүй гэхээр дайжихаас өөр яалтай билээ. Боомтоос залхчихсан байна. Иргэд “Одоо байгаа энэ хоёр боомтоо сайхан болгооч. Бид хүссэнээ зардаг, худалдаж авдаг болчихмоор байна, хил орчмын худалдааг бий болгооч” гэдэг юм.

Гэтэл эхний хоёрт нь түүнийг хийгээгүй атлаа гуравдахийг нээхдээ хийхгүй учраас эсэргүүцээд байгаа хэрэг. Нэмээд боомт нээхээр шороон замаар машинууд нь давхиад, малчдын нурууг авчихдаг. Хуулиараа хүнд даацын засмал зам тавих ёстой ч иргэдээ хуураад, үл хүндэлсэн учраас тоосжилтоос залхаад эсэргүүцсээр байна л даа. Нутгийн иргэдэдээ давуу эрх олгох боломж хуулиар хориотой. Бэлэн мөнгө, урамшуулал олгох ч хориотой. Гэхдээ энэ удаа төрийн албан хаагчдын цалинг нэмэх эрхийг орон нутагт олгосон учраас “Нутгийн дэм” хөтөлбөр хэрэгжүүлэн цалинг нь нэмэх л боломж олдлоо. Сар болгон нэмээд урамшуулал бас өгч эхэлснээр өнөөх уул уурхай руу явсан байсан эмч, багш, сувилагч нар эргэж ирлээ. Дэмчигийн хийдийн лам нар хүртэл Оюутолгой руу явчихаад байлаа шүү дээ.

-Өмнөговьчуудын ажилгүйдэл буурсан сайн үзүүлэлт харагдаж байна лээ?

-Ажил хийх чин хүсэлтэй хүмүүс бүгд ажилтай болсон. Гэхдээ сайн дурын ажилгүйдэл байгаа. Өдрийн 80 мянгаар ажил хийх хүн олдохгүй байна. Хүмүүс бэлэнчлэх, амар хялбар аргаар мөнгө олох гэдэг болсон. Тэр нь гэхдээ маш цөөхөн шүү. Манай аймгийн иргэд маш хөдөлмөрч хүмүүс. Хатуу ширүүн уур амьсгалд тэсэж үлдэхийн тулд хувь хүн бүхэн хариуцлагатай амьдардаг. Манай аймагт сайн, саар нь хоёулаа байдаг.

Тэр олон мянган хүний хөдөлгөөнөөс үүдээд гэмт хэрэг зөрчил их, хорт хавдрын улсын дундаж өндөр, халдварт өвчин нэмэгдэж байгаа. Хүний хөдөлгөөнөөс үүдсэн статистик үзүүлэлтийг бууруулахын тулд ирэх онд чамгүй том ажлууд хийхээр төлөвлөсөн байгаа. Зам барилга барьж болох ч иргэдийнхээ амьдралын чанар, амьсгалах агаар, уух ус, аюулгүй байдлын төлөө ажиллахгүй бол байшин, зам хоёрыг хэдэн тэрбумаар жил бүхэн барьсан ч болж байна. Тэгэхээр ирэх жилд бид хүүхэд, эмэгтэйчүүдэд ээлтэй байхын төлөө уул уурхайгаас олсон орлогоо зарцуулна. Модон жорлон, яндан, шар канестараас л салгая гэж зориод явж байгаа юм.

Ярилцсан: Б.Өнөртогтох