Ж.Ганбаатар: Томоохон импортлогч болох “Петровис” болон “Шунхлай” компаниудад АИ-92 шатахууны хангалттай нөөц байгаа

tsenzuurmn 2023-10-9

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр ” Есдүгээр сарын 20-нд ОХУ-аас шатахуун хязгаарлах тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу дизель түлшийг хамруулахгүйгээр, АИ-92 бензин хамрагдаж байгаа талаар мэдэгдсэн. Өнгөрсөн сард Монгол Улсад ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин айлчлал хийх үеэрээ АИ-92 шатахууны хязгаарлалтад Монгол Улсыг хамруулахгүй байх амлалт өгсөн. Гэвч ОХУ-ын Засгийн газрын тогтоол тийм амархан шийдэгддэг асуудал биш ч гэсэн бид шаргуу ажиллаж, өнгөрсөн пүрэв гарагт Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулсан.

Улмаар АИ-92 шатахууны асуудал жигдэрсэн. Өчигдөр л гэхэд ОХУ-аас 92 вагон АИ-92 шатахуун орж ирсэн бол өнөөдөр 62 вагон орж ирсэн байгаа. Томоохон импортлогч болох “Петровис” болон “Шунхлай” компаниудад АИ-92 шатахууны хангалттай нөөц байгаа. Ер нь хувийн хэвшил учраас заавал нөөцөө хангах ёстой гэж бид шаардах боломжгүй.

Өнөөдрөөс бүх асуудал жигдэрч байгаа. ОХУ-аас Монгол руу түлш ачигдахгүй долоо хоноход энд улаан гэрэл асдаг. Бид хангалттай нөөцтэй байсан учраас 20 хоног тэслээ. Шатахуун түгээх газруудад хүргэлт хийхэд 2-3 хоног шаардаж байгаа иргэд, олон нийт тайван байж болно. Шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа” гэлээ.