Дэлхийн багш нарын 29 дахь, Монголын багш нарын 57 дахь удаагийн баярын өдөр энэ өдрүүдэд тохиож байна. Жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг ЮНЕСКО-гоос Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан. Монгол Улс Багш нарын баярыг 1966 оноос 2 дугаар сард тэмдэглэж ирсэн байдаг. Багш нарын баярын өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг уламжлалтай.
УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар жил бүрийн энэ өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш нарт хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлалын дагуу энэ сарын 04-ны өдөр дүүргийн 3000 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчдэд хүндэтгэл үзүүлж, “Багшаа хүндэлье-2023” арга хэмжээг зохион байгууллаа.
Баянгол дүүрэгт Ерөнхий боловсролын 51 сургуульд 61000 сурагч, СӨБ-д 19500 сурагч суралцаж байгаагийн зэрэгцээ 5500 орчим багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байна.
УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нь сурагчдыг дэмжиж “Шилдэг бизнес” төслийн уралдааныг зохион байгуулдаг. Энэ нь Бизнесийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санал санаачилгыг дэмжих замаар улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ирээдүйн баялаг бүтээгчид төрөн гарах эхний алхамд хөтлөх зорилготой зохион байгуулдаг арга хэмжээ юм. Энэхүү уралдаан нь 150-200 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд уралдаанд оролцогч хүүхдүүд өөрсдийн бизнес санааг төсөл болгох, төсөл бичих явцад суралцах, санаагаа амьдрал дээр бодит болгон хэрэгжүүлэх, багаар болон бие даан ажиллах чадварт суралцах, шинэлэг байдал, бүтээмжийг эрэлхийлэх, судалгаа шинжилгээ хийх аргад суралцах, өрсөлдөх чадвараа сайжруулах зэрэг олон талын чадварыг зэрэг хөгжүүлэх боломж олгодгоороо өндөр ач холбогдолтой юм.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар багш нарын ажиллаж амьдарч байгаа Баянгол дүүрэгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний зүгээс ямар ямар ажил хийж байгаа талаараа танилцуулсан юм.
0 cэтгэгдэлтэй