Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүллээ

tsenzuurmn 2023-10-4

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Х.Нямбаатарыг нэр дэвшүүлж байгааг онцлов.

Тэрбээр “Хотын дарга Д.Сумъяабазар огцрох өргөдлөө өгсөн тул дараагийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын зүгээс Ерөнхий сайдын зүгээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 320 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгсөн байдаг. Гэвч тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийх явцад алдаа дутагдал гарсан. Олон нийт ч үүнд бухимдалтай хандсан. Тиймээс нийслэлийн ЗД өөрийн хариуцлагын хүрээнд уучлал хүсэж, хүсэлтээ өгсөн гэж ойлгож байна.

Тиймээс Засгийн газрын зүгээс Нийслэлийн засаг даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг дэвшүүлж байна. Х.Нямбаатар сайд Нийслэлийн Засаг даргаар очиж ажиллах хугацаандаа 5Ш ажиллагааг бодитой хэрэгжүүлэх чиглэлийг өгч байна.

Х.Нямбаатар сайд Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайдаасаа бүрэн татгалзаж, Хотын даргын үүргийг дангаар гүйцэтгэнэ. Гэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаж, Бүрэн эрхт төлөөлөгч хэлбэрээр ажиллах нөхцлийг бий болгоё гэж байгаа. Учир нь хотын түвшинд НИТХ үйл ажиллагаагаа явуулж, хотыг удирддаг. Улстөрийн байгууллага улстөрийнхөө үйл ажиллагааг явуулна. Төр засгийн зүгээс анхаарал хандуулж, олон жил бугшсан идээ бээрийг шахахад Засгийн газар бодлогын түвшинд дэмжлэг үзүүлнэ” гэлээ.

Одоо МАН-ын Удирдах Зөвлөл 12:00 цагаас хуралдаж, нэр дэвшигчийн талаар хэлэлцсэний дараа НИТХ мөн хуралдаж, шийдвэрээ гаргана. Үүний дараа Хотын даргыг томилох Ерөнхий сайдын захирамж гарах хуулийн заалттай.