Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар тус улсад 2023 оны наймдугаар сарын 1-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үр дүнгийн талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлолыг бататгах, хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, АНУ-аас хөрөнгө оруулалт татах, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх, шинэ салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж үзэв.
Айлчлалын дүнгээр “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай Хамтарсан мэдэгдэл” гаргасан билээ. Айлчлалын хүрээнд байгуулсан санамж бичиг, шийдвэрлэсэн асуудлуудыг шуурхай ажил хэрэг болгохыг Ерөнхий сайд холбогдох салбарын сайд нарт үүрэг болголоо.
0 cэтгэгдэлтэй