Өнгөрөгч долоо хоногт жүжигчин У.Цогтбаярын дүүгийн гэрийн хаалганы завсраар газ шахсан гэх хэрэг гарсан. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан: Жагсаалд оролцож байгаа Цогтоогийн дүүгийн гэрийн хаалган дээр янз бүрийн агуулгатай зүйл бичсэн, газ цацлаа гэсэн асуудлууд яригдсан. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газраас энэ асуудалд зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа.
Шалгалтын явцад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн иргэнээс холбогдох мэдүүлгийг тухайн өдрийн 01-02 цагийн хооронд авсан. Тус орон сууцны харуул хамгаалалтын албаны хяналтын камерыг шүүх зорилгоор өөрсдийгөө цагдаагийн алба хаагч, эрүүгийн цагдаагийн албанаас явж байна гэж танилцуулан хөндлөн зураастай үнэмлэх үзүүлсэн гэх бөгөөд цагдаагийн байгууллагын алба хаагчийн үнэмлэх хөндлөн зураасгүй бөгөөд ямар бичиг баримт ашигласан талаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Иргэдийн зүгээс гэмт халдлагад өртөх гээд байна, зайлшгүй цагдаагийн хамгаалалтад байх шаардлагатай гэж үзвэл бид бүхэн холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хар хувцастай хоёр хүн орцноос гарч байгаа талаар бичлэгт байгаа юм байгаа аж. Цагдаагийн алба хаагчид очихоос өмнө камерийн бичлэгийг үзэхээр тухайн хоёр хүн үнэмлэх үзүүлсэн байна.