Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “Нандин” лекц, арга хэмжээг Төрийн ордноо зохион байгуулж байна.
Арга хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн 1000 сурагч цуглаж, үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт болон охидын эрүүл мэндийн асуудлаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Мөн тус арга хэмжээний хүндэт зочид болох УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эрүүл, хариуцлагатай иргэн” сэдвээр, МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Ариун цэврийн хэрэглэл ичих зүйл биш”, МЭХ-ны соёлыг түгээгч, Дуучин С.Гантогоо “Үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт”, Олон улсын көүчинг холбооны итгэмжлэгдсэн көүч Н.Энхсайхан “Ирээдүйд үнэтэй мэргэжлүүд” зэрэг сэдвээр илтгэл тавилаа.
Энэ үеэр Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл: Ариун цэврийн хэрэгсэл бол огт ичих зүйл биш. Өсвөр насны охидод сарын тэмдэг анх удаа гэнэтээр ирэх нь сэтгэл зүйн дарамт, амьдралын турш ичилт, эрэгтэй хүнтэй харьцах эмгэг зэргийг үүсгэхүйц нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд охидод сарын тэмдэг ирэхэд нийгэм болон сэтгэл зүйн дарамтад орохгүйн тулд сургууль дээр үнэ төлбөргүй ариун цэврийн хэрэглэл эмчийн өрөөнд байх нь зайлшгүй байгаа юм. Тиймээс өнөөдрөөс эхлэн 21 аймгийн 330 сумын сурагчдын дотуур байранд, сургуулийн анги танхим бүрт ариун цэврийн хэрэглэл хийдэг “НАНДИН” хайрцаг байршуулж эхэллээ гэв.
