Монголын Нейросайнсийн нийгэмлэгийн тэргүүн Л. Баттүвшин сэтгэл судлалтай холбоотойгоор иргэдийн нийгмийн хандлага, стрессийн түвшинг харуулсан судалгаа хийснийг товч танилцууллаа.
Судалгаагаар, Улаанбаатарт, тэр дундаа гэр хорооллын айлуудын дундаж насны эмэгтэйчүүдийн стрессийн түвшин өндөр гарсан талаар хэллээ.
Тэрбээр, Монгол Улсын хэмжээнд стрессийн түвшин судлах судалгааны ажил явуулахад Улаанбаатар хот тэр дундаа гэр хорооллын айлуудын дундаж насны эмэгтэйчүүдийн стрессийн түвшин өндөр байна гэж гарсан. Уг судалгааг асуумж судалгаагаар авдаггүй бөгөөд багажийн шинжилгээний судалгааны үр дүнд суурилж гаргасан дүгнэлт юм. Тиймээс эмзэг бүлгийн хүмүүст эрүүл мэндийн мэдээлэл боловсрол олгох, стрессээс үүдэлтэй сэтгэцийн болон мэдрэлийн өвчнүүдээс сэргийлэх талаарх мэдлэгийг олгох хэрэгтэй байна. Ингэснээр цаашид гарч болох эдийн засгийн зардлыг багасгаж чадна.
Эмнэл зүйн талаас харвал хүний тархи, мэдрэл, сэтгэцтэй холбоотой 1000 гаруй өвчин эмгэг байна гэж эрдэмтэд үздэг. Тэгэхээр цаашдын судалгаануудыг системтэй явуулахын тулд ШУА-ийн харьяа болон мэргэжлийн хүрээлэнгийн судлаачид, эмч нартай хамтран ажиллах хэрэгтэй байна” гэв.