Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” болж байгаа билээ. Чуулганы гол зорилго нь ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргахад оршиж байгаа юм.
Тус хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан панелистээр оролцож, “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хүрээнд хүлээсэн үүрэг, салбар хоорондын уялдаа, санхүүжилт-Шинэ сэргэлтийн бодлого” сэдвээр ярилцаж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд хэд хэдэн бодлогын ажил эхлүүлснээ танилцууллаа. Тэрбээр, “Уур амьсгалын өөрчлөлт ХАА-н салбарт нэлээн тулгамдсан асуудал болж байна. Дэлхийн цаг агаарын дулаарал, уур амьсгалын өөрчлөлт ХАА-н салбарт хамгийн том цочрол өгч байна. Уур амьсгалын судалгаа сүүлийн 70 жилд агаарын температур 2.2 хувиар дулаарсан, хур тунадас 7 хувиар багассан байна. Энэ бол ХАА-н салбарт сөргөөр нөлөөлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас жилийн 4 улиралтай манай улсын хувьд ган зудын давтамж өндөр байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйг бий болгох хэрэгтэй байна” гэв.
“Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлснээр харьцангуй бага ашигласан бэлчээрийг хамгаалах, даац хэтэрсэн хэсэгт зохицуулалт хийж, малын эрүүл мэндийн үйлчилгээ, сүргийн бүтэц, үүлдэр угсааг сайжруулах аж. Мөн мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, ган, зуд гэх мэт байгалийн гамшигт өртөмтгий байдлыг бууруулах зэрэг ач холбогдолтой юм байна.