Өмнөговь аймагт “Говийн ирээдүй-Хүүхэд” хөтөлбөр хэрэгждэг. Энэ хөтөлбөр нь хүүхдийг монгол ёс заншлаа дээдэлсэн, эх оронч, үндэсний бахархлыг уламжлагч, эрх чөлөөт сэтгэлгээтэй, хөдөлмөрч, бүтээлч зөв хандлагыг төлөвшүүлж авьяас чадварыг хөгжүүлэн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн юм.
Тиймээс тус хөтөлбөрийн хүрээнд аймгийн төв номын сангаас “Гэр бүлийн үлгэрийн цаг” уралдааныг зохион явуулсан байна.
Уралдаанд Өмнөговь аймгийн 21 гэр бүл оролцож, тэргүүн байрыг Ж.Тулгын гэр бүл, дэд байрыг Ө.Мөнх-Эрдэнийн гэр бүл, гуравдугаар байрыг В.Энхээгийн гэр бүл, тусгай байрыг Д,Болдын гэр бүл эзэлж шагналаа гардан авлаа.
Уралдаанд оролцсон гэр бүлүүд бүтээлээ “Монгол ардын үлгэр”-ээр зохиомжлон хийснээрээ онцлог юм. Ардын аман зохиол нь ард олны дунд амаар дамжин зохиогдож мэргэн ухаан, цэцэн билгийн илэрхийлэл болж дэлгэрсэн уран үгийн бүтээл байдаг учир эцэг эхчүүд хүүхэд багачууддаа Монгол ардын үлгэрээр дамжуулан уламжлалт өв соёлоо таниулахад уралдааны зорилго оршиж байна.


