Н.Уранзаяа
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин салбарын сайд нараасаа хамгийн их шуугиан тарьсан нэгэн. Юутай ч тэрбээр сайд байх хоёрхон жилийн хугацаанд шүүх, цагдаагийн байгууллагын шинэчлэлийг зоригтойгоор эхлүүлж олон жил дээр суусан генерал, хурандаа нарын үүрийг бужигнуулаад амжсан нэгэн. Үүнийхээ үр дүнд өөрийн багш хуульч С.Нарангэрэл төдийгүй намын журмын нөхөд, сөрөг хүчний нэлээдгүй олон хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарсан. Харин одоо эрх баригч намынхнаас эхлээд толгойтой бүхэн хуулийн салбарын шинэчлэлийн тухай яриад эхэллээ. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар хуульч Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Цаг үетэй холбогдуулан хоёулаа яриагаа Украйны асуудлаар эхлэе. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
-ОУ-ын дэг журамд их том хандлага гарч ирж байх шиг байна. Дэлхийн 2-р дайны дараа НҮБ-ыг байгуулж түүнээс хойш дэлхийн улсуудын дэг журамд тусгаар улс байгуулах, тусгаар улсын хил хязгаар, өөрөө өөрийгөө засаглах эрх мэдэл гэх мэтчилэн зүйлүүд дээр бүх улс орон ямар нэгэн байдлаар хүндэтгэлтэй ханддаг гэж итгэдэг байсан. Одоо энэ итгэл жоохон хойшоо болчихлоо. НҮБ-д бүртгэлтэй, хил хязгаартай тусгаар улс гэдэг бол тусгаар улс гэсэн баталгаа биш байна шүү гэдэг дохиог өгөөд эхэлчихлээ. Том гүрнүүдийн геополитикийн талбарт жижиг гүрнүүд өртөх юм бол НҮБ-ын гишүүн байгаад ч, бие даасан тусгаар улс гэж ОУ-д зөвшөөрөгдөөд ч энэ нь тийм ч баталгаатай биш боллоо гэсэн дохиог Украйнд болж байгаа үйл явдал харууллаа. Ийм дохио ирж байхад бид юу илүү буруутай, юу зөв бэ гэж ОУ-ын дэг журам ярихаасаа илүү тусгаар улсаа хэрхэн баталгаатай байлгах вэ, засаглалаа хэрхэн сайжруулах вэ гэдгээ бодох ёстой гэсэн даалгавар гэж харах ёстой байх.
-Та ирэх сонгуульд дэвших үү? АН дотороо хуваагдчихсан байгаа, та аль талд нь байна вэ?
-Мэдээж дэвшинэ. Нэгдүгээрт АН хуваагдаагүй. Яагаад гэвэл нам гэдэг бол олон нийтийн буюу хүмүүсийн эвлэлдэн нэгдсэн институци. Тэгэхээр нэгдсэн хүмүүс нь хуваагдаагүй байж байхад нам хуваагдсан асуудал яригдах ёсгүй. АН 100 мянган гишүүнтэй бол 100 мянган гишүүн нь байна. Тийм учраас нам бол хуваагдаагүй. Харин АН-ын удирдлага дээр тамга тойрсон маргаан байгаа. Тамга тойрсон маргаан гэдэг бол үзэл санааны маргаан биш, энэ бодлогын маргаан биш. Энэ намын өөрийнх нь хийдэг үндсэн ажлын маргаан бол ерөөсөө биш. Энэ бол тамганы буланд тамганы хүчээр амьдардаг түшмэдүүд тамганы булангаа алдчихгүйн төлөө үхэн хатан явж байгаа юм шиг сонин үзэгдэл. Энэ бол зөвхөн АН-д гэхээсээ илүүтэйгээр ардчилалд хор хөнөөлтэй. Ардчилал гэдэг чинь итгэл үнэмшил, үзэл санаа гэхээсээ илүүтэйгээр зүгээр л намд үлдсэн жоохон эрх мэдлийнхээ төлөө ч гэсэн хэмнэлдэж байдаг хүмүүсийн хэрүүл юм байна шдээ гэж олон нийтэд ойлгогдох хэмжээний юм болчихоод байна. Тийм учраас аль нэг талын тухай яриа ерөөсөө байхгүй. Харин АН дүрмийнхээ дагуу шинэ удирдлагаа тодруулж чадах уу? АН дүрмийнхээ дагуу удирдлагын энэ үл ойлгогдох байдлаа арилгаж чадах уу? гэсэн сорилттой АН тулгарчихсан. Дээд шүүхээс өгч байгаа хариу ч гэсэн маш тодорхой. Хэн нэгэн АН-ыг шууд төлөөлөх эрх одоо байгаа тэр хүнд ч байхгүй, дараагийн тэр хүнд ч байхгүй, уучлаарай. Танай 2 тамга чинь ч гэсэн яг үнэндээ намыг илэрхийлэхгүй, тамга гэдэг зүйл намыг илэрхийлдэг зүйл ерөөсөө биш. Гишүүд намыг илэрхийлнэ ээ гэсэн утгатай хариу өгчихсөн. Нам бол эвлэлдэн нэгдсэн хүмүүс болохоос аль нэг ТББ биш, ямар нэг яам, агентлаг биш. Тийм учраас дүрмийнхээ дагуу ажиллавал энэ намар гэхэд АН асуудлаа шийдчихнэ гэж бодож байна. Харин асуудлыг шийдэхгүй байх, сунжруулах зорилготой хүч нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Тэр нөлөө ил тод МАН-с ч юмуу, өөр ямар нэгэн байгууллагаас байхыг үгүйсгэхгүй.
-Та тэгвэл аль удирдлагын талыг дэмжиж байна вэ?
-Та бүхэн анзаарсан бол өнгөрсөн оноос эхлээд Б.Пүрэвдорж, З.Нарантуяа гишүүд тэргүүтэй АН-ын жирийн гишүүд бид юу хийсэн бэ гэхээр АН цул байгаа, нэг байгаа, асуудлаа дүрмийн дагуу шийдэх ёстой гээд нийт гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулсан. 90 гаруй мянган хүний гарын үсэг цуглуулсан. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр бид маргаж байгаа аль нэг талд зогсохгүй ээ, бид АН нэгдэх ёстой гэсэн байр суурин дээр байгаа. Би намын дарга байх ёстой гэсэн байр суурин дээр маргаж байгаа хүмүүсийн аль нэгд нь бид дэмжлэг өгөхгүй, АН нэгдмэл гэсэн байр суурин дээр байгаа талд зогсоно гэдгээ аль эртнээс илэрхийлсээр байгаа, илэрхийлээд л байна. Аль нь дүрмийнхээ дагуу хуралдаж, шийдвэрээ гаргаж ажиллаж байна тэр талд бид зогсоно. АН нэг л дүрэмтэй.
-Та УИХ-ын гишүүн, цаашлаад сайд болвол ямар ажил хийнэ гэж төлөвлөж байна вэ?
-Ойлгомжтой, дутуу хийсэн ажлуудаа үргэлжлүүлнэ. 2012-2016 онд хууль зүйн салбарт хийж байсан ажлуудаа, эдийн засгийг яаж лебралчлах вэ, засаглалыг яаж сайжруулах гэж байсан, авлигыг хязгаарлахын тулд ямар алхамууд хийх юм бэ, иргэний бизнес, эдийн засгийн эрх чөлөөний төлөө бид юу хийх ёстой юм бэ гээд төлөвлөж байгаа зөндөө л юм байна. Мэдээж сонгуулиар нам болгон өөрсдийн мөрийн хөтөлбөрөө гаргадаг тэр дагуу ажиллаж, хэрэгжүүлэхийг зорино.
-Та сая хэллээ, сайд байхдаа хийж байсан ажлуудаа үргэлжлүүлнэ гэж. Тухайн үед хууль хүчний байгууллагуудад шинэчлэл, реформууд хийхээр нэлээд бужигнуулсан. Маш олон хана хэрэм, эсэргүүцэлтэй тулгарч, тухайн үеийн хийхээр зорьж байсан өөрчлөлтүүдээс одоо дорвитой үлдсэн зүйл харагдахгүй байна?
-Тухайн үед эсэргүүцэж байсан, ойлгохгүй байсан маш олон хүний ойлголт өөрчлөгдсөн гэдэгт би итгэлтэй байна. Та бүхэн анзаарч байгаа бол тухайн үед хамгийн их улдан эсэргүүцэж байсан бүлэг бол МАН өөрөө, манай намд ч гэсэн эсэргүүцэж байсан хүмүүс бий. Тэдгээр эсэргүүцэж байсан хүмүүсээс олон хүн өөрсдөө шоронд ороод гарлаа, зарим нь ч одоо ачигдахад бэлэн байна. Өөрсдийнх нь арьс махан дээр ирэхээр энэ хууль, энэ шүүх байгууллагууд чинь ямар аймшигтай юм бэ гэдгийг мэдэрч байгаа байхгүй юу. Ингээд харахаар сүүлийн 2 жилийн хугацаанд МАН шүүхийн шинэтгэлийн асуудлыг байнга ярьж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байнга ярилаа, дараа нь ч, одоо ч ярьсаар байна. МАН Хөгжлийн банк зэрэг авлигатай холбоотой асуудлыг мөнгө зарж байгаад, бараг сэвж байгаад асуудал болгож гаргаж тавьж байна. Хүний эрхийн тухай бүхэл бүтэн форум хийгээд, судалгаа хийгээд тэдэн хувьд нь хүний эрх байхгүй байна гэх мэтчилэн зөндөө юм хийж байна. Энэ яаж байна гэхээр, 6 жилийн өмнөхөөс байр суурь нь өөрчлөгдсөн гэсэн үг. Агдасхийж сонсдог, айж бэргэдэг байсан бол одоо биш юм байна, үүнийг чинь бид хийхгүй бол болохгүй юм байна гэдэг байр суурин дээр ирсэн гэсэн үг. Харах болсон шалтгаан нь гаднаа ч байна, дотроо ч байна. Казакстанд болсон хямрал, одоо Украйнд болж байгаа үйл явдлуудаас бүгд харж байна. Аан заза, засаглал чанартай байж ард түмнийхээ итгэлийг авахгүй бол, сул засаглалтай улс орон гаднаа ямар өчүүхэн дорой болдгийг харлаа. Тийм учраас хуулийн салбарын шинэчлэл хүссэн хүсээгүй жам ёсных гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Арай ч ийм харгис гэж хэлж болохоор, дарга хамгаалдаг цагдаатай байж боломгүй байна гэдгийг гудамжинд жагсаад зогсож байгаа залуучууд ч хэллээ, цагдаагийн байгууллагын дотор ажиллаж байгаа хүн ч хэлж байна. Дарга нараас болоод бүгдээрээ ингээд муудалцаад суугаад байх юм уу. УИХ дээр ч гэсэн цөөнгүй гишүүд энэ талаар дуугарч эхэллээ. Мөрдөх алба байгуулах асуудлыг хүртэл хууль зүйн сайд нь яриад эхэллээ. Тухайн үед байгууллага болгоны дарга мөрдөх алба байж болохгүй, миний эрх мэдлээс булаалдах гээд байна гээд эсэргүүцэж байсан. Одоо нам харгалзахгүй ямар нэгэн байдлаар мөрдөх албыг байгуулах ёстой юм байна гээд яриад эхэллээ. Энэ бол байр суурь өөрчлөгдөж байгааг харуулж байна. Үе солигдоно гэдэг бол цаг үе өөрчлөгдөж байгааг харуулдаг.
-Та хэлж байна л даа, монголд шүүх, цагдаа гээд зөв шударга систем ажиллахгүй байна гээд. Манай сэтгүүл зүйн салбарт ч гэсэн шударга бус тогтолцоо байна. Өөрөөр хэлбэл худалдагдсан эсвэл хэн нэгэн эрх мэдэлтний эрх ашгийг хаацайлсаныхаа төлөө өөрөө эргээд хамгаалалтад орж хэн дуртайгаа гүжирдэн гүтгэж, хардаж сэрдээд, шүүмжилж болдог. Харин үзэгнээс өөр зэвсэггүй жирийн сэтгүүлчид хардах, мэдээлэл авах мэргэжлийн эрхээ эдэлж чадахгүй нэг үгний төлөө цагдаа дээр дуудагдаж торгуулж байна. Тийм болохоор бодит байдал дээр сэтгүүлч бүхэн шударга ажиллаж, дуу хоолойгоо хүргэх боломжгүй болчихоод байна л даа. Хуульч хүний хувьд зөвлөхөд ийм үед сэтгүүлчид яаж ажиллах ёстой юм бэ?
-Хоёр талтай байх. Ямар ч мэргэжлийн хүмүүс өөрсдийнхөө мэргэжлийн ёс зүй, ур чадварт үнэнч байх, тэр дагуу ажиллах гэдэг бол их чухал. Ёс зүй, ур чадвар зарчим хоёроосоо холдоод ирэхээрээ л тэр салбар, тэр мэргэжилтэн өөрөө нийтийн, иргэний талд биш явцуу бүлэг, хэн нэг эрх мэдэлтний бууны нохой болж хувирна. Тэр нь хууль байна уу, сэтгүүл зүй байна уу ялгаагүй. Мэргэжлийнхээ үнэ цэнийн хувьд ямар зарчим барьж байгаа юм бэ, мэргэжлийнхээ хувьд ямар ур чадвар шаардаж байгаа юм бэ түүндээ үнэнч байна гэдэг эхний алхам байх. Аль болох өөрөө өөртөө мэргэжилдээ үнэнч, захиалгагүй, улс төрийн нөлөөгүй, бие даасан байдлаар илүү бодитой, мэргэжлийн ажиллаж чаддаг мэргэжилтнүүд энэ улс орныг босгоно. Аль ч салбарт адилхан. Хоёрт нь тэгэж ажиллахад нь садаатай, ухаалаг бус хууль дүрэм байгаа бол сэтгүүлчийнхээ хувьд гэхээсээ илүү иргэнийхээ хувьд хуулийг өөрчлөх ардчиллын механизмуудыг сайн ашиглагч байх ёстой гэж бодож байна. Тэгэхгүйгээр буруу, ухаалаг бус хуулийн өмнө бууж өгөөд л байх юм бол нөгөө талд тийм хуулиудын тусламжтайгаар улс орныг тонон дээрэмдсээр л байх болно. Тэгэхээр нэгдүгээрт хууль буруу байгаа бол хуулийг засахын тулд, хоёрдугаарт мэргэжилдээ үнэнч байх гэдэг хоёр зарчмыг зэрэг авч явахгүй бол аль ч салбар хэцүү.