Хэдхэн хоногийн дараа Монголчуудын уламжлалт баяр цагаан сар болно. Энэ баярын хамгийн гол зүйл бол тавгийн идээнд тавих хэвийн боов билээ. Сар шинийн баяр ойртож, зах худалдааны төвүүдээр хэвийн боов, ууц, өвчүү, бууз, банш худалдаалагдаж эхлээд байна.
Тэгвэл МХЕГ-аас гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгогүй хэвийн боов, бууз, банш худалдан авахгүй байхыг анхаарууллаа. Иргэд худалдан авалт хийхдээ зориулалтын газраас орц найрлага, шошго, гарал үүсэл нь баталгаатай бүтээгдэхүүн худалдан авахыг анхааруулж байна. Хэвийн боов үйлдвэрлэхдээ Монгол улсад мөрдөж байгаа MNS046181 гэсэн стандартын дагуу үйлдвэрлэдэг.
Хэрэглэгчид худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс:
- Зориулалтын хүнсний үйлдвэрт үйлдвэрлэсэн байх,
- Гарал үүсэл нь тодорхой,
- Лабораторийн шинжилгээний баталгаажилттай,
- Хаяг шошго нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.4 дэх заалтын дагуу үйлдвэрлэсэн газар, бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэсэн он сар өдөр, хадгалах нөхцөл зэрэг хаяганд тавигдах шаардлагуудыг хангасан байх ёстой.
Түүнчлэн МХЕГ-аас хэвийн боовын зориулалтын хадгалах хугацаа 14 хоног байдаг тул удаан хугацаанд хадгалж хэрэглэхгүй байх, бууз банш их хэмжээгээр хийж гадаа хөлдөөхгүй, бага хэмжээгээр хийж зориулалтын хөлдөөгчид хадгалахыг зөвлөж байна.