УИХ дахь АН-аас мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улс цар тахалтай тэмцэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг зарцуулсан. Үүнийг дагаад Монголын өр нэмэгдэж байна. Гэтэл үүний үр дүн хэрхэн гарсан нь нүдэн дээр ил байна. Уул уурхайн томоохон төслүүдийг барьцаалж, зээл авч, халамж тарааж, өдөр хоногийг аргацааж байна. Эдийн засгаа эрчимжүүлэх бодлогоос илүүтэй пиараа эрчимжүүлсэн бодлого явуулах болсон. “Шинэ сэргэлтийн бодлог”-ыг тоймлоод харвал төрийн өмчит байгууллагууд байгуулна гэсэн үг. Төрийн оролцоо энэ жил улам нэмэгдэнэ. Санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй байгаа тул улсын өр нэмэгдэнэ. Ирэх хагас жилд инфляци 20 хувьд хүрч магадгүй.
2021.12.31-нд Улсын дээд шүүхээс 11 хуудас бүхий тогтоолыг албан ёсоор гардуулсан. Товчхондоо арваннэгдүгээр сарын 5-нд болсон АН-ын Онц их хурлыг Дээд шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн. Тиймээс бидэнд гарц, гаргалгаа нээгдэж байна. АН үндсэндээ төлөөллийн төв байгууллагаараа хууль ёсны шийдвэр гаргаад ажиллана. Учир нь Дээд шүүх нөгөө талд байгаа АН-ын үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд дээрх хорооноос гарсан бүх тогтоол, шийдвэрүүд хүчингүй гэсэн үг. АН-ын асуудал эцэслэн шийдэгдээгүй биш зөвхөн даргын асуудал шийдэгдээгүй байгаа.
Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас огцруулах шийдвэр гаргасан. УИХ-ын дэгийн тухай хуулиар бүлгийн даргын асуудлыг дотооддоо бүлгийн олонхоор шийддэг. Тиймээс АН-ын бүлгийн олонхын шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэж итгэж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “УИХ төсөв мөнгө мэдэх эрхээ цар тахлын хуулиар Засгийн газарт өгсөн. Засгийн газар нь дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн. Омикрон хувилбараар далимдуулж дахин зургаан сараар сунгалаа. АН-ын бүлгийн гишүүд Цар тахлын хуулийг сунгах шаардлагагүй гэж үзсэн ч олонхоороо хүч түрэн сунгасан. Экспорт гацсан, ард түмний амьдрал туйлын хүнд байна. Өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан. Ийм байдалтай байхад эрх баригч нам сайхан амьдарна гээд ярих юм. Дэндүү шударга бус байдал Монголд газар авчээ. Хэдэн арван тэрбум төгрөгийн хахууль авчхаад, торгууль төлөөд суллагдах жишээний. Нийгмийн бусад хэсэгт хууль хамгийн хатуу харгис үйлчилдэг. Ийм л ялгавартай нийгэмд бид амьдарч байна” гэсэн юм.