ЭМДЕГ-ын Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын дарга Б.Оюунцэцэгтэй ЭМД-ын сангаас санхүүжүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар ба үр дүнгийн талаар ярилцлаа.
-2020 онд Эрүүл мэндийн даатгалын хуульд өөрчлөлт ороод, 2021 оны 3 дугаар сараас Эрүүл мэндийн даатгалын сангийн үндэсний зөвлөлийн 3 дугаар тогтоол хэрэгжиж байна. Ингэснээр даатгалын системд шинэчлэлүүд хийгдээд хагас жилийн нүүрийг үзэж байна. Тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч?
-Эрүүл мэндийн даатгалын сангийн 3 дугаар тогтоол энэ оны 3 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд усламж үйлчилгээг гүйцэтгэлээр санхүүжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын 23 дугаар тогтоолоор анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг зохицуулж байдаг бол 13 дугаар тогтоолоор эмийн хөнгөлөлтийн асуудлыг зохицуулдаг. Өмнө нь 28 дугаар тогтоол гэж хэрэгжиж байсан. Харин 3 дугаар тогтоол хэрэгжсэнээр иргэн даатгуулагч өөрсдөө эмнэлгээ сонгох боломж бүрдсэн. Мөн хамтын төлбөрийн асуудал нэлээн сайн зохицуулагдсан. Одоо даатгалын сангаас 70 хувь, иргэнээс 30 хувь гарахаар зохицуулалт хийсэн. Гэхдээ даатгал төлдөггүй хүүхэд, хүүхдээ асарч байгаа ээж, ХБИ, хугацаат цэргийн алба хаагч гээд 7 бүлэг иргэн байгаа. Тогтоол хэрэгжсэнээр эрүүл мэндийн байгууллагууд цахим хөгжүүлэлтийг маш сайн хийж байна.
–Тогтоол хэрэгжсэнээр маш олон иргэдийн амь насыг аварсан, амьдралын чанарыг уртасгасан байна. Ер нь ямар төрлийн өвчлөлд даатгалын санхүүжилт илүүтэй олгогдож байна вэ?
-Энэ оны 10 дугааар сард гарсан дүнгээс харахад зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг амь насанд халтай өвчлөлд зарцуулалт гарчээ. Тухайлбал, эхний 10 сарын байдлаар зүрхний цочмог шигдээстэй 579 тохиолдолд 1,6 тэрбум төгрөг зарцуулжээ. Улсын болон хувийн гээд бүх шатны эмнэлгүүдэд энэ ажил хийгдэж байна. Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүд их байдаг юм байна. Эхний 10 сарын байдлаар 168 хүүхдэд 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргасан байна. Төрөлхийн уруул тагнайн сэтэрхийтэй хүүхдэд хийгдсэн 51 мэс ажилбарын эмчилгээнд 19,4 сая төгрөг зарцуулжээ.
–Хувийн эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авдаг болсноор маш олон давуу тал гарч байна.
-Тийм ээ. 3 дугаар тогтоолын нэг давуу тал нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр адил тэгш байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авдаг болсон. Хорт хавдрын тусламж үйлчилгээг 100 хувь Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаг болсон. Ингэснээр гадагшаа эмнэлэгт хандах урсгал буурсан. Ингэхээр энэ тогтоолын нэг давуу тал нь иргэнд чиглэсэн үйлчилгээ. Мөн яаралтай тусламжийн асуудлыг бүрэн санхүүжүүлж байна. Тухайлбал, зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг өвчлөл. Хамтын төлбөр төлдөггүй 7 бүлэг хүмүүсийн эмчилгээ, эрүүл мэндийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан бүрэн хариуцаж байна.
-Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авдаг хэчнээн эрүүл мэндийн байгууллага байдаг вэ?
-Нийт 2546 байгууллага гэрээтэй ажилладаг. Үүний 1700 орчим нь эмийн сан байдаг. 300 орчим хувийн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалаар үйлчилж байна.