Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлаар БЗД-ийн ЭМТ-ийн Өсвөр үе залууст ээлтэй клиникийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан Ж.Тэргэлтэй ярилцлаа.
Өсвөр үеийнхэн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар зөв мэдлэг, хандлагатай байснаар эрсдлээс өөриййгөө хамгаалах боломжтой байдаг. Ярилцлагынхаа эхэнд нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголтыг өгөх нь зүйтэй болов уу?
Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэг нь нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо эрүүл байхаас гадна сэтгэл зүй, нийгмийн хувьд эрүүл байхыг хэлнэ. Харин өсвөр үеийнхний хувьд энэ үедээ бие махбод, сэтгэл зүй болоод нийгмийн хувьд өөрчлөлтүүд гардаг. Мөн өсвөр насанд бэлэг эрхтний хөгжил явагдаж эхэлдэг. Энэ үед нөхөн үржих чадвартай болохоос гадна өөр олон өөрчлөлт илэрдэг онцлогтой.
Нөхөн үржихүйн насанд хүүхдийн бие махбодид ямар өөрчлөлтүүд илэрдэг вэ?
Охид, хөвгүүдийн бие махбодь бэлэг эрхтэнд тодорхой өөрчлөлтүүд гардаг. Энэ үед зарим нийтлэг шинж илэрдэг. Тухайлбал охидод хөх ургах, 10-13 насанд сарын тэмдэг үзэгдэнэ. Мөн биеийн нууц хэсэгт үс ургаж, хоолой шингэрч, бэлхүүс нарийсах шинж тэмдэг илэрнэ. Өөрөөр хэлбэл эмэгтэйлэг шинжүүд биемахбодид илэрдэг гэсэн үг. Харин хөвгүүд нойтон зүүд зүүдлэх, хоолой бүдүүрэх, цээж өргөсөх, төвөнх томрох шинжүүд илэрнэ. Гэхдээ охид, хөвгүүдийн бэлгийн хөгжил явагдаж эхлэх хугацаа нь харилцан адилгүй. Хүн бүрийн хурууны хээ дахин давтагдашгүй байдаг шүү дээ. Үүнтэй ижил охидын сарын тэмдэг ирэх хугацаа, хөвгүүдийн нойтон зүүд зүүдлэх үе өөр өөр байдаг. Ийм учраас өсвөр үеийнхний бэлэг эрхтний хөгжлийн үед гарах өөрчлөлтүүд болох хөх эрт ургах, сарын тэмдэг эрт эсвэл оройтож ирэх нь хэвийн үзэгдэл гэж ойлгож болно.
Охидын хувьд сарын тэмдгийн үед эрүүл ахуйн ямар дэглэм баримтлах нь зүйтэй вэ?
Өсвөр насанд анхны сарын тэмдэг үзэгддэг. Энэ үед охид сарын тэмдгийн эрүүл ахуйг сайтар сахих хэрэгтэй. Гэвч энэ талаар мэдээлэл хомс, хэнээс асууж, хаана хандахаа мэдэхгүй байх тохиолдол элбэг байдаг. Сарын тэмдгийн мөчлөгийн үргэлжлэх хугацаа дунджаар 28 хоног байдаг боловч хувь хүний биеийн онцлогоос хамаарч 21-45 хоногийн хугацаанд хэлбэлзэж болно.Сарын тэмдэг ирэх хугацаа нь 3-7 хоног байдаг бол энэ хугацаанаас бага болон хэт их, эсвэл үзэгдэхээ болих тохиолдолд эмчид хандаж, зөвлөгөө авах нь зүйтэй. Ингэснээр сарын тэмдгийн хямралын шалтгааныг тодорхойлж, цаашид үүсэх эрсдэлүүдээс сэргийлж чадна. Жишээлбэл сарын тэмдгийн мөчлөг алдагдах үед жирэмслэх магадлал өндөртэй өдрүүдийг тооцож чадалгүй, хүсээгүй жирэмслэлтэд өртөх эрсдэлтэй.
Харамсалтай нь хүсээгүй жирэмслэлтийн ихэнх тохиолдол нь үр хөндөлтөөр дуусгавар болдог. Мэдээж үр хөндөлт хийлгэх нь дараагийн жирэмслэлт, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө, цаашлаад үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт үүсэх томоохон хүчин зүйл болдог. Тиймээс сарын тэмдгийн хямралын үед эмчид хандаж, оношлуулж, шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийлгэх нь хамгийн зөв арга юм. Үүнээс гадна ээжүүд өсвөр насны охидынхоо зөвлөгч нь байж, 10-13 насанд нь сарын тэмдэг гэдэг зүйл ирдэг, энэ үед айж сандралгүй ээжээсээ тусламж аваарай гэдгийг эртнээс хэлж захих хэрэгтэй. Сарын тэмдэг ирнэ гэдэг нь ээж болоход бэлтгэгдэж байгаа гэсэн үг гэдгийг ойлгуулах нь чухал юм.
Харин анхны сарын тэмдэг ирснээс хойш 1-2 жилийн хугацаанд мөчлөгийн хугацаа тогтмол биш байдаг. Энэ нь хэвийн үзэгдэл учраас санаа зовох зүйлгүй. Мөн сарын тэмдгийн хуанли хөтөлж сурах нь дараагийн сарын тэмдгийн хугацааг гаргаж, түүнд бэлтгэлтэй байх давуу талтай. Сарын тэмдэг ирж эхлэх үед ариун цэврийн хэрэглэлээ зөв сонгон хэрэглэх нь чухал. Хэрэглэлийг сонгохдоо хөвөн даавуун материалтай, харшил төрүүлэхгүй бүтээгддэхүүн сонгохыг зөвлөж байна. Харин ариун цэврийн хэрэглэлийг 3-5 цаг тутамд солих, сарын тэмдгийн үед өдөр бүр дотуур хувцасыг сольж, шүршүүрт орох нь эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх хамгийн энгийн алхам юм.
Тэгвэл шилжилтийн насны үед сэтгэл зүйд тодорхой хэмжээгээр өөрчлөлт ордог. Өсвөр үеийнхэнд энэ нь хэрхэн нөлөөлдөг вэ?
ДЭМБ-ын ангиллаар 10-19 насыг өсвөр үе гэж үздэг. Эриксоны “Бие хүний хөгжлийн онол”-оор энэ үед хүүхэд өөрийгөө тодорхойлдог болохыг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл энэ үед хүүхэд “Би хэн бэ. Би хаашаа явж байна вэ” гэдгээ тодорхойлдог гэсэн үг.
Хэрвээ сэтгэл зүйн хувьд өөрийгөө бүрэн тодорхойлж “би”-гээ олж чадаагүй бол ичих, эргэлзэх, гутрах мэдрэмжийг өөртөө суулгах сөрөг талтай. Энэ үед эцэг эхчүүд хүүхдийг өөрийнхөө “би”-г олоход туслах, урам зориг өгч урамшуулах, сайн сонсогч нь байж, шийдвэр гаргахад нь туслах нь чухал. Ингэснээр тэд дуучин, жүжигчин гээд нэр хүндтэй хүмүүстэй өөрийгөө адилтгаж, урам зориг авах, ирээдүйгээ зураглах сэдэлтэй болно. Хэрэв энэ үед хүүхдэд дэмжлэг, туслалцаа дутагдвал өөрийгөө үгүйсгэх, бусдаас дорд үзэх, гутранги үзэлтэй нэгэн болж төлөвших тохиолдол гарч болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Яг энэ үед ихэнх хүүхэд хичээл хийх сонирхол буурч болох юм. Эсрэгээрээ спорт, бүжгийн дугуйланд явах хүсэл төрж, үе тэнгийнхэнтэйгээ шинэ зүйлсийг туршиж үзэх сонирхолтой болдог. Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ мэдээллээр хангах нь маш чухал. Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдээ том болчихсон гэдэг хандлагаар анхаарал, халамж, хараа хяналтаа сулруулдаг. Гэтэл хүүхэдтэйгээ харилцан ойлголцож чадахгүйн улмаас үе тэнгийн нөлөөлөлд хэт автаж, үүнээс үүдэн архи тамхи хэрэглэх сэдэл төрөх эрсдэлтэй байдаг.

Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд амьдралынх онцлог үед хүүхдэдээ хэрхэн хандах нь зүйтэй вэ?
Өсвөр үе гэдэг нь нөгөөтэйгүүр хүүхэд наснаас “том хүн” болоход бэлтгэгдэж байна гэж ойлгож болно. Хүүхэд өөрийгөө ирээдүйд ээж, аав болоход бэлдэж эхлэх үндэс суурь нь энэ үед тавигддаг. Тийм ч учраас эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцаж, ойлголцох нь маш чухал. Ярилцана гэдгийг эцэг эхчүүд өөрсдийнхөө бодлыг тулгаж, тэднийг сонсохгүй байхтай андуурах тохиолдол их бий. Ингэснээр хүүхэд эцэг эхтэйгээ илэн далангүй ярилцах боломжгүй гэдэг ойлголтод хүрч, дотогшоо болох эрсдэлтэй. Ийм тохиолдолд хүүхдэд ямар нэгэн асуудал тулгарлаа гэхэд өөрийгөө хамгийн сайн сонсох найз нөхдөөсөө зөвлөгөө авдаг. Гэтэл хэн нэгнээс сонссон дам яриа, үнэн худал нь мэдэгдэхгүй олон зөвлөгөөг бие биедээ түгээснээр эрүүл мэндээ эрсдэлд оруулж болзошгүй байдаг.
Шилжилтийн насны үед охид, хөвгүүд юун дээр анхаарах шаардлагатай вэ?
Шилжилтийн насны хүүхдүүд эрүүл ахуйн дэглэмийг мөрдөж, зөв зан үйлд суралцах хэрэгтэй. Мөн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, чанартай, илчлэг сайтай хоол хүнсийг сонгон хэрэглэх нь зүйтэй юм. Харин сэтгэл зүйн хувьд тогтвортой байхыг хичээж, архи согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисоос татгалзахыг зөвлөж байна.
Сүүлийн жилүүдэд өсвөр насныханы дунд БЗДХ, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн тоо эрс нэмэгдэж байгаа статистик үзүүлэлтүүд гарах болсон. Үүний шалтгааныг юу гэж харж байна?
Эцэг эхчүүд, ахмад настнууд “одооны” хүүхдүүд гэж тодотгоод ярьдаг. Гэтэл энэ асуудал өмнө нь ч байсан, одоо ч байгаа. Статистик мэдээлллээс үзэхэд 2018 онд 20-оос доош насны 1800 орчим эх төрсөн тоон үзүүлэлт бий. Мөн тухайн жилд 10-19 насны ХДХВ-ын халдвартай 15 хүүхэд оношлогдсон бол БЗДХ-ын 11,2 хувийг өсвөр насныхан эзэлсэн гэх тоо баримт байна.
Өсвөр үеийнхэн БЗДХ-тай оношлогдсон тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчдаа тэр бүр мэдэгдэхийг хүсдэггүй. Нөгөөтэйгүүр тэд үе тэнгийнхнээсээ нуух, айх, ичих хандлагатай байдаг. Энэ нь тэднийг эрсдэл рүү түлхэн оруулах нь элбэг. Тухайлбал эмчид хандалгүй дур мэдэн эм, тариа хэрэглэх нь эргээд тухайн өвчний шинж тэмдгийг далд хэлбэрт оруулах, дутуу эмчлэхээс үүдэн үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт, бэлгийн сулрал зэрэг хүндрэл үүсч болно. Цаашлаад умайн хүзүүний шархлал, хавдрын урьтал өвчнүүд, хавдар зэрэг үүсдэг. Иймд хамгийн түрүүнд эмчид хандах нь зөв арга болоод байна.

Тэгвэл энэ бүгдээс урьдчилан сэргийлэхийн тулд юуг эрхэмлэх хэрэгтэй вэ?
ТҮБМ-ын зарчим гэж бий. Энэхүү зарчмыг баримтлах нь хамгийн зөв сонголт. Т-эвч, Ү-нэнч байх, Б-элгэвч хэрэглэх, М-ансууруулах бодисоос ангид байх гэсний товчлол юм. Харин мэргэжилтнүүдийн зүгээс ЕБС-ийн сурагчдад тэвчих аргыг санал болгодог. Гэхдээ хүний бэлгийн амьдрал нь тухайн хүнээс 100 хувь хараат асуудал учраас хосууд бие биедээ үнэнч байж, бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглэхийг зөвлөж байна. Мөн сүүлийн жилүүдэд согтууруулах ундаа, мансууруулах бодисоос ангид байх нь БЗДХ, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс сэргийлэх давуу талтай.