Улирал солигдох үед угаартах, угаартаж амиа алдах иргэдийн тоо нэмэгддэг. Тиймээс ч Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тавантолгой түлш ХХК, бусад албаныхантай хамтран “Сайжруулсан түлшний цогц шийдэл” аяныг өнөөдрөөс эхлүүллээ.
Аяны хүрээнд угаараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, угаарын эсрдэлгүй байх зорилт тавин ажиллаж байгаа юм.Өнгөрсөн онд “Яндангаа хөөлье” аяныг хэрэгжүүлж ажилласан.
Энэ аяны хүрээнд угаарын хийн хордлогын 147, яндангаа хөөлүүлэх 17000 гаруй дуудлага ирсэн байна. Үүнээс яндан, пийшинг нь шинээр барих, засварлах ажлуудыг айл өрх бүрт хүргэж ажилласан байна. Энэ талаарх мэдлэг, мэдээллийг ч олон нийтэд сайн хүргэж ажилласан гэдгийг албаныхан хэлж байна.
Ц.Уранчимэг: Энэ жил агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна
БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Уранчимэг

Агаарын бохирдлыг 80 хувиар буураалах зорилтыг хангахын тулд нийслэлийн зүүн бүс Налайх дүүрэгт сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулан, гэр хорооллын өрхийг түлшээр хангаж эхлээд байна.
Өнгөрсөн жил “Яндангаа хөөлье” аяны хүрээнд 4000 гаруй мэргэжилтэн ажиллаж, хэрэглэгчдэд сайжруулсан түлшний хэрэглээний талаарх мэдлэг, мэдээлэл олгож, янданг хөөлж, пийшинг засварласан. Үүний үр дүнд зөв хэрэглээг хэвшүүлж чадсан гэж үзэж байгаа.
Гурван сарын хугацаанд үргэлжлэх “Утаагүй, угааргүй, ухааглаг хэрэглэе” аяны гол зорилго нь гэр хорооллын айл өрхийн өвлийн бэлтгэлийг эртнээс хангах, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, хэрхэн дуудлага өгөх үү, иргэд хэрхэн аюулгүй орчинд амьдрах нөхцөлөө хангах тал дээр мэдлэг мэдээллийг олгоно.
Ч.Буянжаргал: Угаартах эрсдэл өндөр бүхий айл өрхүүдэд угаарын хий ялгарсан тохиолдолд угаар мэдрэгч нь Хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдээлэл дамжуулна
“Тавантолгой түлш” ХХК-ны хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал

“Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж эхлээд 3 жил болж байна. Сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээр угаартах эрсдэл гарч эхэлсэн. Энэ жил гэхэд 20-иод айлын 44 хүн угаарт өртсөн байна. Сайжруулсан түлш бол ямар ч судалгаагаар угаартах эрсдэлгүй гэсэн дүгнэлт гарсан. Харин яагаад угаартаад байна вэ гэвэл 3 шалтгаан байна.
- Иргэдийн өөрсдийн хайхрамжгүй байдал
- Яндан, зуух, пийшингийн битүүмж алдагдсан
- Иргэд яндангаа хөөлөхгүй байна
Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн хордлогод өртөж болзошгүй эрсдэлтэй 63000 айл өрх байгаа гэсэн судалгаа гарсан. Дээрх айлуудад угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, угаартсан тохиолдолд шуурхай удирдлагын төвд мэдээлэл дамжуулах төхөөрөмжийг ч суурьлуулж эхлээд байна. Жишээлбэл эрсдэл өндөр бүхий айл өрхүүдэд угаарын хийх ялгарсан тохиолдолд угаар мэдрэгч нь Хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдээлэл дамжуулна. Мэдээллийн дагуу хяналтын оператор тухайн айлын бүртгэлтэй утас руу утасдахаас гадна, хөршийн холбоог ашиглаж хөршүүд рүү нь мэдээлэл дамжуулах, улмаар шуурхай бүлэг очих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.
Ж.Алтанцоож: Иргэд маань өөрсдөө хариуцлагатай байж, яндан, зуухны бүрэн бүтэн байдлаа шалгаж, хүүхдээр гал түлүүлдэггүй, угаар мэдрэгчээ ажиллаж байгаа эсэхийг байнга шалгадаг байх хэрэгтэй
Ж:Алтанцоож-“Тавантолгой түлш” ХК-ны Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Зүүн бүсийн дарга

Иргэдэд үйлчлэх албаны хяналтын дэлгэцэнд айлуудаас дохиолол ирнэ. Дохиолол дуугараад байсан айлд ирж шалгалт хийж үзэхэд 3 жил яндангаа хөөлөөгүй байсан. Өнгөрсөн жил “Яндангаа хөөлье” аяны хүрээнд нийслэлийн хэмжээнд 400 яндан хөөлөгч болон засвар үйлчилгээний багийн залуучууд хамтран 20 мянга гаруй өрхөд үйлчилгээ үзүүлсэн. Энэ жилийн тухайд 100 яндан хөөлөгчид ажиллахаар болж байна. Иргэдэд сургалт хийж байгаа. Тиймээс иргэд өөрсдөө яндангаа хөөлөөд сурвал хэрэгтэй юм.
Гол нь иргэд маань өөрсдөө хариуцлагатай байж, яндан, зуухны бүрэн бүтэн байдлаа шалгаж, хүүхдээр гал түлүүлдэггүй, угаар мэдрэгчээ ажиллаж байгаа эсэхийг байнга шалгадаг байх хэрэгтэй. Гал галлагааны улирал эхлэнгүүт л иргэд жилийн жилд яндан, пийшингээ шалгаж байх хэрэгтэй. Ингэснээр угаартах эрсдэлээс сэргийлнэ.

Энэ жилийн хэрэгжүүлж байгаа “Сайжруулсан түлшний цогц шийдэл” аяны хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цогц шийдлийг хэрэгжүүлэх юм. Тухайлбал, айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллах юм. Түүнээс гадна сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс үүдэлтэй үнсийг дахин боловсруулах чиглэлээр ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо.
Түүнчлэн Сайжруулсан шахмал түлш хэрэглэгч иргэдийг аяныг дэмжиж “Утаагүй, угааргүй, ухаалгаар хэрэглэе” уриан доор нэгдэж эрүүл аюулгүй орчинд амьдрахын төлөө урьдчилан сэргийлж хамтран ажиллахыг уриаллаа.