Нэг хэсэг сошиал орчинд “Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна. Элдэв хууч өвчингүй” гэсэн зар түгэж, маш олон хүнийг бухимдуулж байсан билээ. Тэгвэл энэ зар нь “Гайхамшигт ертөнц” киноны сурталчилгаа болж таарсан. Бид энэ удаагийн “Ярилцъя” буландаа тус киноны гол дүрийг бүтээж байгаа жүжигчин Т.Нямдоржтой ярилцлаа.
-Сайн байна уу. Юуны түрүүнд хоёулаа “Гайхамшигт ертөнц” киноныхоо талаар болоод бүтээж байгаа дүрийн тань талаар ярилцъя.
-“Гайхамшигт ертөнц” кино маань сайхан гэр бүлийн тухай, тэрдундаа айл гэрийн ноён нуруу болсон аав хүний тухай өгүүлж байгаа юм. Хүн гэдэг ямар зүйл дээр ноён нуруугаа алддаг вэ гэдгийг харуулдаг.
–Кино эхлэхээс өмнө “Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна. Элдэв хууч өвчингүй” гэсэн зар олныг нэлээн шуугиулсан шүү дээ. Киноны маркетингаа яагаад заавал ингэж хийе гэж бодов?
–Кино яг тэр хэсгээс өрнөж эхэлдэг. Анх бидкиноны маркетингаа бодож олоод ийм зар түгээхэд маш олон хүн янз бүрээр хүлээж авсан. Бид ч маш ихээр эмзэглэсэн. Тиймээс энэ сэдэв дээрээ тулгуурлаж киногоо эхлүүлсэн. Яг тэр хэсгийг хүмүүст хүргэхэд хүмүүсийн үзүүлж байгаа сэтгэл хөдлөл ямар байгааг харуулж эхэлсэн. Зарим хүн уурлаж байхад, зарим нь баярлаж, эерэг талаас нь харж байсан. Хүн бүр өөр өөрийн үзэл бодол, өөр өөрийн өнцгөөр хандаж байгаа нь харагдсан. Бидний гол зорилго бол тухайн хүнд өөрийнх нь аав ээжийг бодогдуулахыг хүссэн юм. Би аав, ээжийгээ хайрлаж байгаа билүү, тэдэнтэйгээ хангалттай цагийг өнгөрүүлж байгаа билүү гэж өөрт нь дүгнэлт хийлгэхийг хүссэн.
-Таны бүтээсэн дүр амьдрал дээрх хүнтэй чинь хэр зохицох вэ?
-Зохицохгүй. Ер нь миний өмнө нь тоглож байсан кинонуудаас огт өөр. Ерөнхийдөө дүр маань дотоод рейтинг өндөртэй, сэтгэл хөдлөлөө шууд ил гаргадаг галзуу дүр.
-Таны бүтээсэн дүрийг хүмүүс хэрхэн хүлээж аваасай гэж бодож байна вэ?
– Мэдээж жүжигчин хүний хувьд миний бүтээсэн дүр үзэгчдэд илүү их хүрээсэй гэж бодож байна. Учир нь би чинь гол дүр шүү дээ. Тэгэхээр үүргээ гүйцэтгээсэй гэж хүсэж байна.

–Кино хийж байх үед олон хөгжилтэй зүйл тохиолдож байсан байх. Тэднээсээ нэгийг хуваалцаач?
–Манай кинон дээр колонк дэлбэрдэг хэсэг байдаг юм. Тэр хэсэгт Жэрри бид 2 дэлбэрээд савж үсэрч, унадаг. Энэ үед агаар дээрх олсоор бид 2-ыг татахдаа буруу татдаг. Үүнээс болоод зөрж савлаад би Жэрри-г очиж мөргөөд, миний тохой Жэрригийн уруулыг цохичихсон. Жэрригийн уруул хавдаад, зарим гэрийн сцене дээр уруул нь хавдчихсан. Түүнийгээ нуугаад баларч байсан. Энэ тухайн үед их эвгүй санагдаж байсан ч эргээд бодохоор хөгжилтэй санагдаж байна.
–“Гайхамшигт ертөнц” кино таны өмнө нь тоглож байсан кинонуудаас хэр давуу талтай вэ?
-Хөрөнгө санхүү, баг бүрэлдэхүүн гээд бүх талаараа илүү кино.

Хүн бүр хараад тэр явж байна гэсэн дүр бүтээхийг хүсдэг
-Та яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон бэ?
– Багаасаа жүжигчин болохыг хүсдэг байсан. Тиймээс хүсэлдээ хөтлөгдсөөр байгаад энэ мэргэжлийг эзэмшсэн. Багадаа Харшийн сүлд модны наадам зэрэгт оролцдог байлаа.
–Жүжигчин хүнд хамгийн анхны бүтээсэн дүр сэтгэлд их үлддэг. Таны анхны бүтээсэн дүрийг сонирхвол…
– Хамгийн анхны гол дүр минь 2012 онд найруулагч Энхбаяр ахын хийсэн “Тавилан-2” кинонд тоглож байлаа.
–Жүжигчин хүн бүрт өөрийгөө сорихыг хүссэн дүр байдаг байх.
–Хүн бүр хараад тэр явж байна гэсэн дүр бүтээхийг хүсдэг. Тухайлбал, олонд танигдсан дүр байдаг даа.
-Залуу жүжигчин хүнд хааяа сөрөг масс ирдэг байх. Үүнийг яаж хүлээж авдаг вэ?
-Миний хувь хүн хүмүүжил маань аливаа зүйлд яаран сэтгэл хөдлөл гаргадаггүй. Ямар нэгэн асуудал гарвал шууд уурлаж сандарч хүлээж авахгүйгээр энэ хүн яагаад надад ийм үйлдэл гаргав гээд бодож байгаад хариу үйлдэл гаргадаг. Ер нь эргэн тойронд гарч байгаа сөрөг мэдээ бүрт уурлаад байвал утгагүй шүү дээ. Харин ч сөрөг зүйлийг уран бүтээлээрээ хаахыг хүсдэг.
-Жүжигчин хүний хувьд бодож явдаг урам зориг авдаг үг?
– Ер нь аливаа юманд болно доо гэж бодоход санаа дагаад бүтдэг.
-Ярилцлагын төгсгөлд уншигчдадаа хандаж хэлэх үг байна уу?
-“Гайхамшигт ертөнц” кинонд тавтай морил. Манай кино үнэхээр үзэгчдэд цочроо өгч, шуугиан тарих кино шүү гэж хэлмээр байна.