Хилийн цэргийн хэд хэдэн албан хаагч амиа алджээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь хилийн 0275 дугаар ангийн гэрээт цэргийн алба хаагч мориндоо чирэгдэж нас барсан байна.
Мөн Хэнтий аймгийн Дадал сум дахь хилийн 0287 дугаар ангийн Хилийн албаны дарга залуу ээлжийн амралтаа авсан байх үедээ усанд осолдож нас барсан хэрэг мөн цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Түүнчлэн Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн ахлагч залуу Ховд аймагт амарч байхдаа Дөргөн нууранд осолдсон байна. Цогцсыг нь аврагчид гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Тэгвэл Сэлэнгэ аймаг дахь хилийн 0101 дүгээр ангийн нэг ахлагч тээврийн хэрэгсэл жолоодон ухарч байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс хугацаат цэргийн алба хаагчийг мөргөж гэмтээсэн хэрэг гарсан аж.
Дорнод аймаг дахь хилийн 0132 дугаар ангийн алба хаагчийн гэргий энэ сарын 2-нд зам тээврийн ослын улмаас нас барсан байна.
Хил хамгаалах ерөнхий газраас энэ талаар тодруулахад “Моринд чирүүлж амиа алдсан гэрээт цэргийн албан хаагчийн талаар мэдээлэл өгнө. Гэхдээ үүний өмнө удирдлагуудтайгаа ярилцана. Мөн салбар яаманд энэ талаар мэдэгдэж байж мэдээлэл өгнө” гэсээр бүтэн өдөр болов.
Хэд хоногийн өмнө гарсан дээрх хэргийн талаар өнөөг хүртэл удирдлагууд нь мэдээгүй, салбар яаманд мэдэгдээгүй болж таарч байгаа юм.
Харин бусад албан хаагчдын тухайд Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны ажилтнаас тодруулахад “Гэрээт цэргийн албан хаагчдаас бусад нь амралтаа авсан байсан тул энэ талаар байгууллага мэдээлэл өгөхгүй. Тэд албан ажлаа гүйцэтгэж яваад осолдоогүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Эх сурвалж: Buzznews.mn