УИХ-аас батлагдсан цар тахалтай тэмцэх хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Түр хороо өнөөдөр /2021.06.15/ хуралдлаа. Хуралдаанаар Сovid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Нөхцөл байдал хүндэрлээ. Нас баралт нэмэгдэж, эмнэлгийн ор эмчилгээ, үйлчилгээ нөөц хүндрэлтэй байна. Засгийн газраас нэн ялангуяа эм бэлдмэлийн үнийг барих шаардлагатай. Үнээ бууруулж, даатгалд хамруулах хэрэгцээ шаардлага байна. Ковидын халдвар авч гэрээр эмчлэгдэж байгаа хүн хамгийн багаар бодоход 150-200 мянган төгрөгийн эм бэлдмэл авах нь иргэдэд маш хүнд тусаж байна. Иймээс эмийн компаниудын монополь эрхэд тодорхой хэмжээний хязгаарлалт хийх, эмийн үнийг бууруулах, даатгалд хамруулах, эмийн сангуудад тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй байна гэлээ.
Шадар сайд С.Амарсайхан: Эмийн ханган нийлүүлэлтэд онцгой анхаарч байна. Цар тахлаар далимдуулан бизнес хийдэг асуудал байж болохгүй. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүднээс үйлчилгээний газруудад хяналт тавина. Мөн зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана. Тухайлбал, хоол үйлчилгээний газар түр хугацаанд зааланд үйлчлэхийг хязгаарлах, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах саналаа Засгийн газарт хүргүүлнэ.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг: Сovid-19-ийн эмийн үнийг барих талаар вирусийн эсрэг эмийг компаниуд харилцан адилгүй үнэтэйгээр оруулж ирж байна. Сүүлийн үед эмийн үнийг хөөрөгдүүлэх хандлага гарч байгаатай холбогдуулан өчигдөр эмийн зөвлөл хуралдаж, нэг удаагийн импортын лиценз оруулж ирэхдээ мэдүүлсэн мэдүүлгийг буюу ямар үнэтэйгээр санал болгож зөвшөөрөл авсан гэдгийг нь олон нийтэд ил тод зарлаж байх шийдвэр гарсан. Ингэснээр вирусийн эсрэг эм ямар үнээр бүртгэгдсэн гэдгийг иргэд мэдэх боломжтой болно.