Эрүүл мэндийн яамны уламжлалт анагаах ухааны зөвлөлийн гишүүн, анагаах ухааны доктор Д.Цэрэндагва коронавируст халдварын үед уламжлалт эмчилгээ хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Уламжлалт анагаах ухааныг эхлээд цар тахлын үед урьдчилан сэргийлэх байдлаар ашиглаж эхэлсэн. Дараа нь голомтод буюу улаан бүст орж ажилласан. Цэргийн төв эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэгт уламжлалт анагаах ухааны чиглэлийнхэн ажилласан. Өдгөө АШУИС-ийн уламжлалт 65 ортой эмнэлэгт уламжлалтын эмч нар ковид-19 халдварын эмчилгээг хийж байна.
Хөнгөн хэлбэрийн болон урьдчилан сэргийлэхэд уламжлалт анагаах ухааныг хэрэглээд ямар үр дүн гаргах вэ гэдгээс гадна шинэ төрлийн коронавирусийн өвчний эмгэг жам яаж явагдаж байна гэдгийг судалгааны багийнхан гаргаж ирсэн. Орчин үеийн анагаах ухаанд энэ цар тахлын эмгэгийг тодорхойлчихсон.
Уламжлалт анагаах ухаанаар коронавирусийн халдвар 4 үе шаттай явагддаг юм байна.
- Нэгдүгээр шат: Бадганы цаг. 3 хоног толгой өвдөх, жихүүдэс хүрэх, булчин өвдөх, эвшээх, эс боловсроогүй тунамал булчингарын цаг
- Хоёрдугаарт шат: Шарын цаг. 3 хоног халуун өвчин орох үүдээр нэвтэрнэ. Халдварын ид хурц үе шат
- Гуравдугаар шат: 3 хоног цусны халуун цул эрхтэн гэмтээж эхэлнэ. Уушги, зүрх, элэг, дэлүү, бөөр
- Дөрөвдүгээр шат: Хий цус харшлах үе. Хүндэрвэл уул талын завсарт шилжинэ
Эхний 3 шатанд уламжлалт анагаах ухааныг эм, танг хэрэглэж байна. Тухайлбал
- Эхний шатанд Мана 4, Норов 7, Шар тан хэрэглэснээр амьсгаадах нь багасч, үнэрлэх мэдрэмж сэргэж байна. Ингэснээр уламжлалт эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн 92 хувьд нь зовиур арилсан.
- Банздо 12, Лоцадгүнсэл, Жуган 25, Зову 8 тан хэрэглэснээр уушгины үрэвсэл намжиж, цус шингэлэх үр дүн гарсан.
- Тагтаггүнсэл, Эугана 25, Чун 5, Гавар 25 хэрэглэдэг. Энэ нь цул эрхтэн хүндрэхээс сэргийлсэн.
Уламжлалт анагаах ухааны эм, танг заавал эмчийн заавраар хэрэглэх учиртай” гэлээ.