НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт коронавирусийн халдварын 1001 тохиолдол шинээр бүртгэгдэж, долоон хүн нас барсан. Ингэснээр нийт барсан хүний тоо 214 болоод байна.
Тусгаарлах байранд 3009, ойрын хавьтал болон тусгаарлагдаж байгаа 8431 хүн байна. Эдгээрээс 240 хүн халдвар авсан нь батлагдсан. Өнөөдөр дархлаажуулалтын суурин 47, явуулын 10 цэгт 91 багийн 644 эмч, ажилтан ажиллаж, 34022 хүнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. PCR шинжилгээний байнгын болон явуулын зургаан цэг ажиллаж байгаа. Эдгээр цэгүүд сургууль дээр байрлаж байсныг цэцэрлэг рүү шилжүүлсэн” гэлээ.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг дөрөв дэх удаагаа ариутгаад байна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулж, Улбар шар түвшинд шилжүүлсэнтэй холбоотойгоор үйл ажиллагааг нь нээсэн аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “1545 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт, шалгалт хийсэн. Бид зөвлөн туслах байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа ч халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байгаа тохиолдол олон байна. Өчигдөр гэхэд 96 зөрчил илэрснээс 80-ыг нь газар дээр нь арилгууллаа. Гуравдугаар сарын 30-наас нийслэлийн есөн дүүрэг, тэр дундаа төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, тоглоомын талбай зэргийг мананцар үүсгэгч машинаар дөрөв дэх удаагаа ариутгаад байна. Долдугаар сарын 1-н хүртэл ариутгалын ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөө гаргасан” хэмээв.
