ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам: БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероцелл” вакциныг цар тахлын нөхцөлд яаралтай горимоор хэрэглэх вакцинаар тавдугаар сарын 7-нд вакцинаар бүртгэж, ДЭМБ зөвшөөрөл олгосон. Монгол Улсын хэрэглэж буй “Вероцелл” вакцин нь Бээжин хотод үйлдвэрлэгдсэн. Энэхүү вакцины хувьд савлалт нь хоёр янз байдаг. Тухайн хүний биеийн байдлыг үнэлж, эсрэг заалтад хамаарахгүй тохиолдолд тохирсон вакциныг нь зөвлөж байгаа.
Ковакс хөтөлбөрт нэгдэж буй улс орнуудад тавигдаж буй шаардлагад нэн тэргүүнд зорилтот бүлгийн иргэдийг вакцинд хамруулахыг заасан. “АстраЗенека” вакциныг эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж буй эмч ажилтан, хариу арга хэмжээний багийнханд хийсэн. Халдварт хамгийн өртөмтгий, хүндрэл үүсэж болзошгүй зорилтот бүлэг нь архаг суурь өвчтэй буюу тэр дундаа дархлаа дарангуйлагдсан бүлгийн хүмүүс байгаа. Иймээс хүлээж авсан вакциндаа нэн тэргүүнд зорилтот бүлгийн иргэдийг хамруулсан.
Вакцин бүрт илрэх хариу урвал, шинж тэмдгүүдийг заасан байдаг. Вакцин бүр дээр тандалт хийж байгаа. Зааварт тусгагдсан шинж тэмдгүүд “АстраЗенека” вакцины хувьд 50-60 хувьтай илэрч байна. “Синофарм” үйлдвэрийн вакцин хийлгэсэн иргэдийн 10-20 хувьд нь халуурах, толгой өвдөх шинж тэмдгүүд илэрч байгаа юм. Эдгээр шинж тэмдгүүд 1-2 өдрийн дараа арилна.
Хүүхдэд хийх вакциныг дэлхий дахинд судалж байна. Хэрвээ вакцин эмнэлзүйн тандалтаар хүүхдэд хийхээр болсон тохиолдолд Монгол Улс тухайн насны хүүхдүүдэд хийнэ.
Вакцины дараа илэрч байгаа хариу урвалыг ерөнхий биеийн болон хэсэг газрын урвал гэж ангилдаг. Богино хугацаанд илрэх хариу урвал буюу амь насанд халтай байх урвал нь эхний 30 минутад илэрдэг. Энэ хугацаанд эмнэлгийн ажилтны дэргэд хянаж хийхээр заасан байдаг. Нас баралтад хүргэх урвал эхний 30 минутад илэрдэг* гэсэн юм.