Сүүлийн үед короанвирусын халдвар авагчдын тоо өдөр ирэх тусам өсөж, үүнийг дагалдаад маш хүнд болон хүнд өвчтөний тоо нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд гэхэд маш хүнд өвчтөний тоо 112 болж, хүнд өвчтөн 464, хүндэвтэр 1579, хөнгөн 2591 өвчтөн эмчлэгдэж байна.
ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох: Тохиолдлын тоо нэмэгдэж байгаа хэдий ч эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдэд хүрч ажиллаж чадаж байгаа. Саяхан ЭМ-ийн сайдын тушаал гарч гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эрүүл мэндийн даатгалаараа үйлчилгээ авах боломжийг нээж өглөө.
Ойрын хавьтал болсон архаг хууч өвчтэй, 50-аас дээш насны хүмүүст урьдал эмчилгээ хийх үүднээс вирусийн эсрэг болон дархлаа дэмжих уламжлалт эмчилгээний багцыг өрхийн эмнэлгүүдээр дамжуулан тарааж байна.
Нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт эмнэл зүйн тандалтын баг ажиллаж байна. Өмнө нь зөвхөн ХӨСҮТ-д энэ баг байв. Нийслэлд 30 эмнэлэг ковидийн эсрэг эмчилгээ хийж байна. Цар тахлын эсрэг баримтлах хамгийн гол тактик нь өвдөхгүй байх. Цаашид гурав дахь шатлалын эмнэлгүүдийг илүү дайчилна. 200 эрчимт эмчилгээний орыг нэмэлтээр гарган, эмчилгээ хийж байна. Вирусийн эсрэг эмээр ЭМЯ эмнэлгүүдийг хангаж байна. Эмийн хомстол үүсээгүй.
Хүнд, хүндэвтэр, нэн хүнд хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна. Нас баралтаас сэргийлэх үүднээс халдвартай иргэдийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Нас баралтыг бууруулахын тулд цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
- Нэгдүгээрт, зорилтот бүлгийнхнийг вакцинд хамруулах/нэгдүгээр тунгийн хамралт 40-42 хувьтай, хоёрдугаар тунгийн хамралт15-20/
- Хоёрдугаарт, хүндрэх нас барах эрсдэлтэй хүмүүстээ дархлаа дэмжих, вирусийн эсрэг эмчилгээг урьтал байдлаар хийх ажлыг зохион байгуулж байна.
- Гуравдугаарт, хүндрээд эмнэлэгт ирсэн хүмүүст эрчимт эмчилгээний чанарыг сайжруулахад анхаарж ажиллаж байгаа* гэв.