Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татсан хоёр томоохон асуудлыг хууль, хяналтынхан шалгаж эхэлжээ. Тодруулбал, ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтан ОХУ руу нэвтрээд эргэж ирэхдээ их хэмжээний ам.доллар ачиж ирсэн гэх мэдээлэлд Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах хэрэг нээсэн бол “хонгилын” гэх шүүгч Б.Баасанцогттой холбоотой асуудалд ЦЕГ-аас хэрэг бүртгэх хэрэг нээн ажилласны үндсэн дээр АТГ-т шилжүүлсэн байна.
Ингэснээр тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн талаарх мэдээллийг УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийнхэнд ирүүлжээ. Энэ талаарх мэдээллийг өчигдөр Б.Энх-Амгалан нарын гишүүд олон нийтэд мэдээлэв.
Прокурорын байгууллагаас ажлын хэсэг гарч, мөрдөх байгууллагад шалгагдаж буй хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэгдсэн хууль, хяналтын байгууллагын ажилтнуудтай холбоотой 20 хэрэг, хуулийн байгууллагын ажилтнуудын нэр дурдагдсан 86 хэргийг хянан шалгаж эхэлсэн байна.
Мөн Тагнуулын ерөнхий газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнуудын асуудлаар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа бол Цагдаагийн ерөнхий газраас нэр бүхий өмгөөлөгч, шүүгч нартай холбоотой асуудлыг шалгаж, харьяаллын дагуу шилжүүлсэн талаар хариу мэдэгджээ.
“Нэр бүхий шүүгч, өмгөөлөгч, хуулийн байгууллагын ажилтнуудын хууль бус үйл ажиллагааны талаар иргэдээс өргөдөл, гомдол, мэдээллүүд УИХ-д ирж байна. Хэн нэгнийг яллаж, буруутгахыг урьтал болгоогүй. Гагцхүү нөхцөл байдлыг үнэн зөвөөр шалгаж, хууль бус үйл ажиллагаа байгаа бол хариуцлага тооцдог байхыг шаардаж байгаа. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Цаашид эдгээр хэргүүд замхрахгүй байх, хэрэгсэхгүй болохгүй байх, хэргийн үнэн зөвийг бодитоор тогтоох асуудалд хяналт тавьж ажиллана. Гэхдээ хэргийг мөрдөн шалгах процессын үйл ажиллагаанд бид оролцохгүй. Шаардлагатай гэж үзвэл эдгээр хэргийг шалгаж буй асуудлаар УИХ дээр сонсгол хийнэ” хэмээн ажлын хэсгийн гишүүд хэллээ.