Улсын их хурал (УИХ)-ын чуулганы өнөөдөр (2021.04.09)-ийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэллээ. Хуралдаанаар “10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсч байна.
Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г боловсруулахдаа улсын төсөв, Засгийн газрын өрөнд нэмэлт өр үүсгэхгүй байх зарчим баримталсан. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл, хөдөө аж ахуйг дэмжих зээлийг банкуудын өөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлж, Засгийн газраас хүүгийн дэмжлэг олгож хэрэгжүүлэх бөгөөд репо санхүүжилттэй зээл болон ипотекийн зээлийн банк болон Төв банкны репо санхүүжилтийн эх үүсвэрээр хэрэгжүүлнэ. Санхүүгийн хувьд үр ашигтай томоохон төслүүдийг төсөв, Засгийн газрын өрөнд дарамтгүй хэлбэрээр хэрэгжүүлэх зохион байгуулалтыг хийж байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлэх цогц бүтээн байгуулалтын төслүүдийг тус компани дотоодын үнэт цаасны зах зээлээс хөрөнгө татах замаар санхүүжүүлнэ. Үнэт цаасны захиалга ид өрнөж байна.
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлсөн. Тухайлбал, улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2021 оны хоёрдугаар сарын байдлаар 1 их наяд 720.6 тэрбум төгрөгт хүрч, 2019 оны мөн үеэс 82 тэрбум төгрөгөөр илүү байна. Эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр ААН-үүдийн орлогын албан татвараар 469.3 тэрбум төгрөгт төсөвт төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 41 хувиар, НӨАТ-аар 711.1 тэрбум төгрөгт төсөвт төвлөрсөн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар тус, тус өссөн” гэлээ.