Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эрүүдэн шүүлтэд өртөн одоог хүртэл суллагдаж чадахгүй хоригдож байгаа иргэн Т.Чимэгээтэй уулзахаар болжээ. Мөн эрүүдэн шүүлт явагдсан гэх хорих ангийг ахиж ашиглахгүйгээр хаана. Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаанд гацсан байгаа зарим асуудалд онцгой анхаарал хандуулахаа хэллээ.
Тэрбээр, “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын тулд улс орноороо соёлын өөрчлөлт хийх тал дээр Засгийн газар манлайлал үзүүлж ажиллана. Шүүх гэм бурууг тогтоодог учраас шүүхийн өмнөөс хэн нэгэн гэм буруутай эсэхийг дүгнэж болохгүй. Гэхдээ Засгийн газрын тэргүүний хувьд өчигдөр Жендерийн үндэсний хорооны хурал дээр нэг зүйлийг амласан.
Зарим нэг аймшигтай үйл явдлууд ил болсон. Та бүхэнд үзүүлсэн бичлэг бол нэг хэсэг нь. Мансууруулах бодис судсаар нь хийж байгаад, хувцсыг нь зохион байгуулалттайгаар тайлаад, тэрийг нь бичиж авсан асуудал хүртэл байсан. Энэ бүх асуудлыг олон нийтэд ил болгож, тухайн үед ярьж чадаагүй. Энэ бүхнийг ил болгож, тухайн үед нь олон нийтэд ярьж чадаагүй.
Тиймээс гуравдугаар сарын 8-ны өдөр энэ агуулгаар Чимгээтэй миний бие очиж уулзана. Прокурорт Засгийн газрын зүгээс саналаа тавина. Энэ нь шүүн таслах үйл ажиллагаатай хөндлөнгөөс оролцож байгаа гэх агуулгаар бус эрүүдэн шүүлт Монгол Улсад дахиж хэзээ ч байх ёсгүй гэх агуулгаар хийгдэнэ.
Мөн Төв аймгийн ашигладаггүй тусгай хорих анги тохижуулсан. Тэр хорих анги дээр гуравдугаар сарын 8-ны өдөр бас очно. Хорих ангийн доод давхарт буюу эрүү шүүлт хийсэн газарт нь очих бөгөөд тус хорих ангийг дахиж ашиглахгүйгээр хаана. Бас үүнтэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаан дээр гацсан байгаа зарим нэг асуудлууд дээр Засгийн газар онцгой анхаарч ажиллана