Жендерийн Үндэсний хорооны ээлжит хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчүүдийнхээ буруу хооллолтын талаар ихээхэн шүүмжтэй байгаагаа хэллээ.
Тэрбээр, Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10-аар бага байна. Шулуухан хэлэхэд, энэ нь буруу хооллолт, архидалт, таргалалт, нойргүйдэлтэй холбоотой.
Хоолны соёл нэвтрүүлж, архидалтын эсрэг томоохон арга хэмжээг эрчүүд дээрээ хэрэгжүүлэхгүй бол энэ үзүүлэлт улам өсөх болно. Ходоод, элэг, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын үндсэн шалтгаан дөрвөн зүйлтэй холбоотой. Эдгээр нь зөв цагтаа унтахгүй байгаагаас болж байна.
Манай эрчүүд шөнийн хоёр цагаас хойш гэртээ орж ирдэг. Унтаж, амрах, элгээ цэвэрлэж, шүүж байх ёстой цагт монгол эрэгтэй хүн архи уугаад, пицца, хорхог идээд байж байдаг. Үүнээс болж маш олон бэлэвсэн эмэгтэйчүүдтэй улс болох нь. Тийм учраас энэ асуудлыг хурцаар ярихаас өөр гарцгүйд хүрсэн. Мөн манай эрчүүд бараг бүгд хэт таргалалттай ангилалд хамрагддаг.
Гүзээтэй генералуудтай болсон. Үүнийг бид хөндөх цаг болсон. Буяны тарга гэдэг уламжлалт ойлголтоос салах ёстой. Энэ бол тоглоом биш.