МАН үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, “Эх орончдын өдөр” өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан МАН-ын дарга У.Хүрэлсүх “Тусгаар тогтнол, хөгжлийн зуун” сэдэвт илтгэлийг ард түмэндээ хандан тавилаа.
Илтгэлийнхээ эхэнд МАН үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд МАН-ыг үүсгэн байгуулж, тэмцэл ялалтын гайхамшигт их түүхийг бүтээж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө алтан амь, бүлээн цусаа өргөсөн эх орончид, улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө бүхий л амьдрал, хөлс хүчээ зориулсан өвөг дээдэс, ахмад үеийнхээ алдар гавъяаг бахархан дурсаж, мэхийн ёсолсон юм. Түүний илтгэлээс хэд хэдэн онцлох зүйлийг энд дурьдаж болно. Тухайлбал, МАН өнгөрсөн зуунд тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг удирдан зохион байгуулсан. Одоо шинэ зуунд улс орныхоо эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах их үйлсийг манлайлна хэмээн тодотгосон юм.
Монгол Улсын 4 дэхь Ерөнхий сайд, нэрт түүхч Агданбуугийн Амар: “Манай түүхийн сайн нь ч бидний багш, саар нь ч бас бидний багш юм шүү” гэж сургажээ.
Манай намын 100 жилийн түүх бол бидэнд байгаа яндашгүй их баялаг, мэдлэг, урам зориг, сургамж, үнэний ухаарлыг хайрлах мэргэн багш мөн. Ийм л байр сууринаас бид намынхаа түүхийн асуудалд хандаж МАН анх үүсэн байгуулагдсан цагаасаа хойш ямар бодлого, чиг шугамыг баримталж Монголын ард түмний төлөө юу хийж бүтээсэн талаар өнөө үеийнхэндээ ярьж, бичиж ойлгуулах үүрэгтэй билээ.
Миний илтгэлийн ерөнхий санаа, зорилго ч бас үүнд чиглэгдэж байна гэсэн юм.
Мөн МАН ирээдүйн зуун жилийн бодлого чинээлэг дундаж давхаргыг бий болгоход чиглэнэ гэдгээ намын дарга У.Хүрэлсүх 100 жилийн ой дээрээ зарлалаа. Дундаж давхарга бол нийгмийн баялгийн том үйлдвэрлэгч, бараа бүтээгдэхүүний эрэлтийг тогтвортой өдөөгч, бүтээгдэхүүн, үйлчилгээний байнгын хэрэглэгч, шинийг эрэлхийлэгч, шийдэл олж чаддаг бүтээл иргэн, санхүү капиталд хуримтлуулагч, ил тод байдал, хариуцлагыг шаарддаг хүчин гэж хэлсэн.
Хүн амын дийлэнх нь чинээлэг дундаж давхаргаас бүрдсэн улс нэгдмэл үнэт зүйлтэй, өсөн дэвжих ирээдүйтэй, нийгмийн тогтвортой байдал нь хангагдсан өрсөлдөх чадвартай, хөгжингүй улс болдог жамтай гэлээ.
Түүнчлэн МАН, МАХН нэгдэхийг бүрэн дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Энэ талаар “Сүүлийн үед МАН-аас угшилтай МАХН эх намдаа эргэн ирж, элэг бүтэн зорилго нэг их үйлсийн төлөө хамтран зүтгэх нь зүйтэй гэсэн 2 намын гишүүд, дэмжигчдийн идэвхтэй санал, санаачлага гарч байгааг намын дарга би бүх талаар дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ түүхт 100 жилийн ойн баярын энэ өдөр цохон тэмдэглэж байна. Нэгэн зорилгын төлөө ус сүү шиг сүлэлдэн нэгдэж, улс орныхоо төлөө хамтран зүтгэх нь Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцнэ. МАН, МАХН ус сүү шиг сүлэлдэн нэгдэж, нэг их үйлсийн төлөө хамтран зүтгэх нь зүйтэй* гэсэн юм.
Түүний илтгэлээс онцлох ишлэлүүдийг уншигч танд хүргэе.
-МАН-аас угшилтай МАХН эх намдаа эргэн ирж, элэг бүтэн, зорилго нэг, их үйлсийн төлөө хамтран зүтгэх нь зүйтэй гэсэн хоёр намын гишүүд, дэмжигчдийн идэвхтэй санал санаачилга гарч байгааг талархан дэмжинэ.
-Ус шиг сүлэлдэн нэгдэж, улс орныхоо төлөө хамтран зүтгэх нь Монгол Улсын эрх ашигт бүрнээ нийцнэ.
-МАН ирээдүйн 100 жилийн бодлого нь чинээлэг дундаж давхаргыг бий болгоход чиглэнэ.
-Шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий. Хуульчдын дундаас ёс зүйтэй, шударга шүүгчдийг хэн нэгнээс хараат бусаар шилж сонгон томилж, мэргэжлийн, ёс зүйн алдаа гаргасан шүүгчдэд хариуцлага тооцох боломжтой болсон.
-Сүүлийн хэдэн жил алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авах тэмцэл хийлээ. Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет, Багануур, Бор-Өндөрийн уурхай, Асгат, Салхит, Тост, Тосон бумбын орд, Гутайн даваа, Хармагтай орд, Ноён уулыг эргүүлэн авлаа. Дубайн гэрээг цуцалж, Оюутолгойгойн гэрээг сайжруулах боломж бүрдлээ
-Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр. Үүнээс л шударга ёс эхлэх учиртай.
-Улс төрд шинэ үеийн, хоёр дахь шинэ зууны түүх эхэллээ.
-Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, сайн засаглалыг төлөвшүүлэх нь Монгол Ардын Намын үндсэн зорилтын нэг мөн.
-МАН өнгөрсөн зуунд тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг удирдан зохион байгуулсан. Одоо шинэ зуунд улс орныхоо эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах их үйлсийг манлайлна
-МАН-ын бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байж ирсэн, цаашид ч байх болно.
-Ардын намын түүх бол ард түмний түүх юм. Ардын нам бол ардаараа овоглосон ард түмний нам мөн.
-МАН шинэ зуундаа ард түмэнтэйгээ хамтдаа урагшилсан ДЭВШИЛТЭТ улс төрийн хүчин байх болно.
-Намын шинэчлэл бол нийгмийн шинэчлэл мөн.
-Түүх түүхээрээ үлдэнэ, харин бид нэг үгтэй, нэг нүүртэй байж зөвхөн үнэнийг ярьж, бичдэг байх ёстой.