Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дундговь аймагт ажиллаж, “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн “Салхитын алт, мөнгөний орд”-ыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн билээ. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг.
Ийнхүү “Салхитын алт, мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлтэй өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн нь Монгол Улс түүхэндээ анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд шууд хэлбэрээр хүртээсэн сайн жишиг болсон юм.
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК ирэх Даваа гарагт /2021.02.08/ 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монголбанканд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ хэмээн “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад танилцууллаа. Өөрөөр хэлбэл 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нийт 210 орчим тэрбум төгрөгийг олгох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга: Монгол Улс байгалийн баялгаа анх удаа иргэддээ, ахмад настнууддаа хүртээж, зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудын өрийг дарсан. Тухайн үед зээлгүй байсан ахмадуудад энэ оны таван сард багтаан нэг сая төгрөгийг олгох болно. Энэ төсөл нийт таван жилийн хугацаанд үргэлжилнэ. Ирэх Даваа гарагаас Монголбанканд мөнгөө тушааж эхлэх юм байна. Монголбанк үүнд зориулсан данс нээж, уул уурхайн салбартай хамтраад ажиллах хэрэгтэй.
Дараагийн анхаарах зүйл бол энэхүү уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, ордоос олох орлого, бүтээгдэхүүнийг өсгөх ажил юм. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг энэ уурхайд түшиглэн амжилттай хэрэгжүүлсэн учраас цаашид энэ жишигт тулгуурлан байгалийн баялгийн үр шимийг ард түмэн хүртэх боломжтойг харууллаа. Нэг ийм жижиг ордыг нийт ахмадууддаа зориулж, өр зээлийг нь тэглэж болж байгаа нь цаашид бусад ордыг энэ жишгээр ашиглаж, ард иргэдээ дэмжих боломжтойг харууллаа.
Монгол орон бол газрын доорх байгалийн баялаг ихтэй орон. Гэвч манай улсын байгалийн баялгийг ихэвчлэн гадны компаниуд, лицензтэй эрх бүхий хүмүүс, намын төлөөлөл ашигладаг биш, харин монголын мэргэжилтнүүд ирж ажиллаад, гурван сая монголчууддаа хишгийг нь хүртээдэг, ямар нэгэн байдлаар иргэдийнхээ амьдралыг дэмжих ажлыг хийх ёстой” гэв.