УОК өнөөдөр хуралдаж, улс даяар энэ сарын 11-нээс 23-ны 06.00 цаг хүртэл хөл хорио тогтоохоор боллоо. Ингэснээр Битүүний өдрөөс хязгаарлалт эхлэхээр болж байна.
КОВИД 19-ийн халдвар сүүлийн өдрүүдэд нийслэлд олон голомтод эрчимтэй тархаж буй тул халдварыг нийслэлээс орон нутаг руу тархаахгүйн тулд ийм шийдвэр гаргажээ. УОК энэхүү саналаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр эцсийн шийд гарах юм.
УОК-ын дарга С.Амарсайхан “Цагаан сараар хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг тул энэ шийдвэрийг гаргалаа. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, эрүүл мэндийн салбарынхны математик тооцоолол, МУИС-ийн багш нарын зөвлөгөөнд үндэслэн энэ шийдвэрийг гаргалаа. Баяраар бид золгож, хөөрөг зөрүүлэх нь ихээхэн эрсдэлтэй.
Хөл хорионы үеэр халдварыг 3-4% бууруулна. Энэ үеэр 1 хаалга 1 шинжилгээ хийнэ. Өдөрт 42,000 шинжилгээ хийнэ.
Цаашдаа ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэх юм. Бид цар тахалтай тэмцэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эдийн засгаа сэргээхэд анхаарч ажиллаж байна. Иргэн, төрийн байгууллага, бизнесийн салбарын харилцан уялдааг анхаарна* гэв.