Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр албан тушаалаасаа огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр, Ард иргэдээсээ хүлцэл өчиж байна. Ерөнхий сайд хүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Монголын төрийн шударга, ард иргэдэд ээлтэй, ард түмэндээ үйлчилдэг төр засаг байгаасай гэж өнгөрсөн хугацаанд ард түмнийхээ итгэлийг эрх хүний ёсоор хариулахын тулд хичээж ирсэн. Дэлхий, улсын түүхэнд нийтийг цочроосон цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал цөөхөн тохиосон. Энэ цар тахлыг даван туулахын тулд бид бүхий л хүчээ дайчилж, цаг тухайд нь арга хэмжээ авч, өнөөдөр Covid-19-өөр нэг ч хүн нас бараагүй байна. Цар тахлаас үүдэж бид тэг зогсолт хийж, цаг алдалгүй арга хэмжээ авсан ч алдаа оноо гарсан. Гэхдээ миний хувьд цар тахлын төлөө тэмцэж байгаа, өдөр шөнөгүй, нойр хоолгүй, цаг наргүй цар тахлын голомтод ажиллаж байгаа хүмүүстээ талархаж байна. Гэхдээ бас хариуцлага алдаж, зарим хариуцлага хүмүүсээс бол нэгэн эмэгтэйд хүнлэг бус хандсан. Алдаа гарвал төр засаг үүрч чаддаг байх ёстой. Би үүнийг байнга сануулж ирсэн ч бид тэр эмэгтэйг элэг шимшрэм байдалтай авч явсанд дахин гүнээ хүлцэл өчиж байна.
Миний хувьд УОК, бүх шатны эрүүл мэндийн салбар, хууль хүчнийхэн, төрийн байгууллага, өдөр шөнөгүй нойр хоолоо хасан цар тахалтай тэмцэж байсан хүмүүст баярлаж байна. Гэхдээ хариуцлага алдаж, тэр хөөрхий эмэгтэйд ямар байдлаар хариуцлагагүй хандаж байсныг бид харсан. Төр алдаа гаргавал хариуцлага хүлээдэг байх ёстой. Тэр эмэгтэйг өр өвдөм, сэтгэл шимшрэм байдалтай байсныг бид харж байна.
Энэ асуудлаас болж миний танхимын хоёр сайд огцрох хүсэлтээ өгсөн. Би цэрэг хүн. Ялалтыг ч ялагдлыг ч хамт үүрдэг. Би энэ кабинетийг элэг бүтэн, энэ бүрэлдэхүүнээр ажиллана гэж бодож төлөвлөсөн. Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Ард түмний шаардлагыг бид хүлээн авч байна. Энэ ёс зүйн асуудал. Ёс зүйтэй төр, ёс зүйтэй удирдагч байгаасай гэж хүсэж байна.
Ажил хийвэл хийсэн шиг хийдэг, алдаа гаргавал тэрийгээ үүрдэг байх ёстой. Ямар нэг алдааг, хариуцлагыг хамтаар үүрдэг хүүхэд байхаас олж авсан амьдралынхаа философийн хүрээнд Ерөнхий сайдын эрхэм хүндэт үүргээс огцорч байна.
Гэвч миний итгэж, найдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний үзэл бодолд нэгдсэн жагсаалыг улс төржүүлж, санхүүжүүлэн итгэлийг минь алдлаа. Ард түмний итгэл найдварыг эсрэгээр нь ашиглаж, ард иргэдийг турхирч үймээн самуун гаргах вий гэсэн үүднээс би энэ шийдвэрийг гаргалаа.
Ард түмний бэлэг тэмдэг байх ёстой Ерөнхийлөгч зохисгүй үйлдэл гаргалаа.
Миний бие улс төрөөс явж байгаа юм биш. Цаашид Монгол төрийнхөө төлөө урьдын адил зүтгэнэ. Шударга ёсны төлөө, шударга шүүхтэй байхын төлөө би зүтгэнэ. Авлигатай тэмцэх газар болон бусад хууль хүчний байгууллага нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ. Гэм зэмгүй хүнийг хууль шүүхээр шоронд хийдэг, гэсгээдэг, сонгуулийн өрсөлдөгчийг хууль хүчний байгууллага ашиглан улс төрийн зорилгоор намнадаг, улс төрчдийг айлгадаг төрийн тэргүүн байж таарахгүй.
Иймд Монгол ардын нам, ард түмэн анхааралдаа авч, хариуцлага тооцон ажиллана гэдэгт итгэлтэй байна.