ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021.01.17-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 9115 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 9 хүнд халдвар илэрлээ.
Батлагдсан тохиолдлууд нь 25 дугаар “Монос” эмийн сангийн батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтал болон тухайн үед засвар хийж байсан 2 хүн гээд 4 хүнээс халдвар илэрлээ.
Баянзүрх дүүргийн ТҮК-ийн 3 ажилтан, батлаглдсан тохиолдлуудын ойрын хавьтал 2 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 699 болсон байна.
Мөн Улсын төв нэгдүгээр эмнэлэгт covid-19-ийн халдвар аваад, хүндэрсэн хүн ирсэн бөгөөд ХӨСҮТ рүү шилжүүлжээ. Тухайн иргэн Чингэлтэй дүүргийн эмнэлэг, Сонгдо, нэгдүгээр эмнэлгүүдээр үйлчлүүлсэн учраас ойрын хавьтлуудыг тусгаарласан байна.
Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна.
Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1025 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 20 хүн эмчлэгдэж гарлаа.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1526 боллоо. Үүнээс 967 хүн эдгэрсэн байна.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 548 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 10, хүндэвтэр 37, хөнгөн 499 хүн байна.