ДЭМБ-аас хүн амын дунд халдвар 1, 5, 10 хувиар тус бүр тархахад учрах зардал, дарамтыг тооцжээ. Судалгааг коронавирус зөөвөрлөгдөж орж ирсэн үеэс хийж эхэлжээ. Тухайн үед Монгол Улсын хүн амын тоо 3.344.237 байжээ. Үүнээс хүн амын 1 хувьд халдвар тархахад 33.442 хүн өвчилж, уг өвчилсөн иргэдийн 20 хувь нь эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх, 80 хувь нь гэрийн тусгаарлалтад хяналтад байна гэж үзжээ.
Энэ тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүн ам 6.688 болно. Улмаар 1 иргэнийг хэвтүүлэн эмчлэхэд эмчилгээний дундаж өртөг 9.9 сая төгрөг гэж тооцоход 66 тэрбум төгрөгийг зарцуулах байжээ.
Хүн амын 5 хувьд халдвар тархахад 167.212 хүн өвчилж, 330 тэрбум төгрөг эмчилгээнд зарцуулагдах бол хүн амын 10 хувьд халдвар тархахад 660 тэрбум төгрөгийн эмчилгээний зардал гарах байсныг хэмнэсэн гэнэ.
Хүн амын 1 хувьд халдвар тархахад 26.764 гэрийн тусгаарлалтад эмчлэгдэнэ. ХӨСҮТ-д тооцсон өртгийн судалгааны багийн тоон мэдээнд үндэслэн нэг хүний эм тариа, шинжилгээний зардлыг тооцоход 1.9 сая төгрөг гэж үзвэл 51 тэрбум төгрөг шаардлагатай.
Хүн амын 5 хувьд нь халдвар тархахад гэрээр эмчлүүлэх шаардлагатай 133.769 иргэн байх бөгөөд эмчилгээний зардал 255 тэрбум төгрөг, харин хүн амын 10 хувьд халдвар тархвал 559 тэрбум төгрөгийг зарцуулах шаардлага үүснэ хэмээн судлаачид тооцжээ.
Ковид-19 халдвараас шалтгаалсан нас баралтын эрсдлийг тооцоход хүн амын 1 хувьд халдвар тархсан бол 12.685 хүн жилийг алдах эрсдэлтэй. Харин халдвар хүн амын 10 хувьд тархахад 126.859 хүн жилийг алдах эрсдэл учрах байлаа.
Монгол Улсын хүн амын 1 хувьд халдвар тархахад 15.824 эмч, сувилагч улсын хэмжээнд хэрэгцээтэй. Хүний нөөц энэ үед 960 шаардлагатай гэсэн үг. Хэрэв халдвар хүн амын 5 хувьд тархвал хүний нөөцийн чадамж 18 хувь буюу ачааллаа даах боломжгүй болно.
Мөн халдвар хүн амын 1 хувьд тархах үед орны нөөц хангалттай ч 5 хувьд тархахад улсын хэмжээнд 65 хувь, орон нутагт 42 хувийн хүрэлцээтэй. Эрчимт эмчилгээний орны нөөцийн хувьд халдвар 1 хувьд тархахад 32 хувь байхаар судалгааны үр дүн гарчээ.

